Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Төмөрбат: Англи хэлний дүрмийн нарийн зүйлийг ирэх хичээлүүдээс ойлгож авах боломжтой

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайт "Сондор Хилэн" төвийн захирал, С.Төмөрбат багштай хамтран 2016 оны аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн англи хэлний зайны сургалтыг ШУУД дамжуулалтаар зааж эхэлсэн билээ. Долоон сарын хугацаанд бид англи хэлний анхан шатны хичээлийг бүрэн үзээд байна.

Харин одоо та бүхэндээ дунд шатны хичээлийг зааж эхлээд байна. Энэ талаар С.Төмөрбат багштай ярилцлаа. 


-Анхан шатны хичээлүүдийг үзэж дуусгалаа. Үзсэн хичээлээ ерөнхийд нь дүгнэж хэлэхгүй юу. Бид энэ хугацаанд ямар мэдлэг эзэмшиж авав?

-Бид суурь буюу анхан шатнаас нь, өөрөөр хэлбэл, “А” үсгээс нь эхэлж Англи хэлнийхээ хичээлийг үзсэн. Огт англи хэл үзэж байгаагүй хүмүүст зориулсан анхан шатны хичээл гэсэн үг.

Багцлаад хэлэхэд туслах үйл үгийн бүлэг сэдэв, гурван цаг, баймж үйл үгийг 29 цагийн хичээл болгон задалж зааж.

Эхний 29 хичээлийг нэг бүрчлэн үзвэл англи хэлний анхан шатны мэдлэгийг 100 хувь эзэмшиж чадна.

29 хичээлийг тогтмол үзэж судалсан бол дунд шатны хичээлээ үзэх боломжтой.

-Хичээлүүдийг үзэж амжаагүй хүмүүс нөхөж үзэх боломжтой шүү дээ?

-Энэ асуултыг үзэгчид маш их асуудаг. “Хичээлээ хаана хадгалах вэ, хадгалж байгаа юу, олохгүй байна” гэдэг асуудал байнга яригдаж байгаа. Уг нь багш нь хичээл болгон дээрээ хэлдэг.

Тэгэхээр 1-29 дүгээр хичээлийг iKon News фэйсбүүк хуудас, iKon.mn сайтын LIVE булан, Сондор Хилэн сургалтын төвийн цахим хуудас, Sondor Khilen Language Center болон Сондор хилэн зайны сургалт гэсэн таван эх сурвалжид хадгалсан байгаа. Эдгээрээс гадна YouTube сувагт байршуулсан гэдгийг оюутнууддаа хэлье.

-Хичээлийг нөхөж үзэх, шууд үзэх хоёр эрс ялгаатай байх?

-Хичээлээ зааж дууссаны дараа 5-10 минутын асуулт хариултын цаг гаргаж байгаа юм.

Өнөөдрийн заасан хичээлээс асуух зүйл байвал асуугаарай гэхэд асуулт гэхээс илүүтэйгээр “хичээлийнхээ бичлэгийг хадгалах уу, хаана хадгалах вэ” гэдэг тайлбарууд л орж ирдэг.

Хичээлээс ойлгоогүй зүйлээ асуух нь ерөнхийдөө тааруу байна. Тэгэхээр ойлгоогүй зүйлээ шууд л асуух хэрэгтэй.

Шууд дамжуулалтаар хичээл зааж байгаагийн гол ач холбогдол энэ шүү дээ. Нөхөж үзэж байгаа хүмүүс хичээл дууссан хойно, оройн цагаар асуулт асуух тохиолдол их. Багш нь тэр болгон хариулах боломжгүй байдаг.

-Хичээлийг тогтмол үзэж байгаа хүмүүсээс тантай холбогдож байна уу?

-Тасралтгүй үзэж байгаа хүмүүсээс хэд хэдэн хүн ирж шалгалт өгсөн шүү. Том зузаан дэвтэр нээчихсэн, даалгавруудаа хийчихсэн авчирч үзүүлсэн.

Заасан хичээлийнхээ хүрээнд Монголоос Англи руу орчуулга хийлгэж, яриулж, тест бөглүүлсэн байгаа. Ингэж шалгалт авахад 100 онооноос 98 оноо авсан. Урд нь англи хэл үзэж байгаагүй гэхэд үнэхээр мундаг байсан.

Мөн гадаадад байгаа Монголчууд их үзэж байгаа юм байна. Канадад амьдардаг монгол хүн холбогдож хичээлийн талаар асуусан.

Зөвхөн Монголдоо гэж бодож байсан чинь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монголчууд үзэж байгаа юм билээ. Энэ их сайхан санагдаж байгаа. Олон орноос холбогдож байна.

Бас нэг сонирхолтой нь орос хүн холбоо барьсан. “Би танай хичээлийг үзэж байгаа. Та тав дахь өдөр болгон хичээл заах уу. Хичээл хэр удаан үргэлжлэх вэ.

Нэг хүн асуулт асуухад хэдэн мянган хүн ойлгохгүй, эргэлзээд байгаа зүйлээ мэдэж авна.

Монгол тайлбарыг нь ойлгоход хүндрэлтэй ч жишээг нь хараад ойлгочихдог, монгол хэл сурмаар санагдаж байна” гэж хэлсэн.

Тэгэхээр англи хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч сургалтад сууж чадахгүй байгаа, цаг зав, мөнгөний бололцоогүй маш олон хүн байна.

Тэр хүмүүст зориулсан, ямар ч үнэ төлбөргүй зайны сургалт учраас нийгэмд чилгэсэн маш зөв ажил гэж хувьдаа бодож байгаа.

-Орос хүн хүртэл холбогдсон байна шүү дээ. Танд энэ хугацаанд хичээл заах ямар байв?

-Өмнөх ярилцлагадаа шууд дамжуулалтын үеэр ангидаа хичээл зааж байна гэж боддог гэж багш нь хэлж байсан.

Гэхдээ эргээд харахад явцуу сэтгэж байжээ. Одоо бол дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэн бүхэнд хичээл зааж байна гэдэг үүднээс илүү их хариуцлагатай байх хэрэгтэй юм байна гэж бодох болсон.

Тэгэхээр манай хоёр байгууллагын хийж байгаа энэ ажил хүнд хэрэгцээтэй, шаардлагатай томоохон ажил болсон гэж хэлж болно.

- Дунд шатны сургалтаар ямар хичээлүүд орох вэ. Хэдий хэр хугацаанд үргэлжлэх бол?

-30 дугаар хичээлээс эхлэн дунд шатанд бэлтгэх дүрмийн хичээлүүд орно. Аравдугаар сарын 5-ныг хүртэл Одоо үргэлжилж буй цаг, Өнгөрсөн цаг, Ирээдүй цаг, Ирээдүйд өнгөрсөн цаг гэсэн дөрвөн цаг нэмэлтээр заагдана.

Эдгээрийг өмнө нь үзсэн хичээлтэйгээ холбон, хооронд нь харьцуулах маягаар үргэлжилнэ. Үүнээс гадна дүрмийн бус үйл үгсийн хэрэглээг заах болно.

Тэгэхээр дүрмийн нарийн зүйлийг ирэх хичээлүүдээс ойлгож авах боломжтой гэсэн үг.

Харин аравдугаар сарын 5-ны өдрөөс цаашид яаж хичээл орох, хичээлийг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

- Өнөөдрөөс эхлэх хичээлд үзэгчид, уншигчид маань юу бэлдсэн байх шаардлагатай вэ. Зөвлөгөө өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, дүрмийн бус үйл үгсээ маш сайн цээжлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үзсэн гурван цагаа маш сайн эзэмших ёстой. Ингэснээр дараагийн хичээлүүд амархан байх болно.

Мөн хичээлээ үзэж байгаа үедээ ойлгохгүй байгаа зүйлээ буруу ч байсан хамаагүй, амархан гэж бодолгүй, нэрэлхэлгүйгээр шууд асуух хэрэгтэй.

Нэг хүн асуулт асуухад хэдэн мянган хүн ойлгохгүй, эргэлзээд байгаа зүйлээ мэдэж авна шүү дээ.

-Зуны амралт эхэлж, хүүхэд залуус англи хэлний зуны сургалтад хамрагддаг. Танай төв энэ зун ямар сургалт зохион байгуулах гэж байна?

-Манай зуны сургалтууд зургаадугаар сарын 5-н, долоодугаар сарын 3-н, долоодугаар сарын 31-нд  эхлэх гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын төвийн www.sondorkhilen.mn орж сонирхох боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

 

С.ТӨМӨРБАТ багшийн хичээлүүдийг ЭНД дарж үзээрэй.