Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Аав ээжийн ном" хүүхдийг амьдралын нарийн харилцаанд сургахад онцгойлон зориулагдсан

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эцэг эхчүүд хүүхэд өсгөн хүмүүжүүлэхдээ тусламж дэмжлэг авах эрхтэй" гэж НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 18-р зүйлд заасан байдаг. Гэвч манай улсад үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь эцэг эхчүүдэд тусалж дэмжих тогтолцоо сул байна. Ялангуяа залуу эцэг эхчүүд хүүхэд өсгөн хүмүүжүүлэхдээ барьц алдах нь түгээмэл бөгөөд хаанаас тусламж хүсэх, зөвлөгөө авахаа мэдэхгүй тохиолдол олон гардаг.

Тиймээс Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдээ эерүү зөөлөн аргаар өсгөн хүмүүжүүлэх тухай монгол уламжлалд тулгуурлан бичсэн зөвлөмж номыг нийт эцэг эхчүүддээ зориулан гаргажээ. Энэхүү номын нээлт өнөөдөр боллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Номын зохиолчдын нэг Монгол Улсын Гавьяат багш Ц.Түвшинтөгс "Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Хүүхдийг Ивээх Сангаас хүүхэд багачууд болон аав ээжүүддээ бэлэг барьж байгаа нь энэхүү "Аав ээжийн ном" юм. Номноос уншигчид хүүхдийн насны онцлог, тухайн насны онцлогт тохирсон байдлаар хэрхэн харилцах тухай, Монголчууд үр хүүхдээ ямар аргаар яаж өсгөн хүмүүжүүлдэг байсан уламжлал, ардын сурган хүмүүжүүлэх ухааны арга барил, туршлага сургамжийг олж авах болно. Мөн энэхүү ном нь хүүхдийн сэтгэлийг төлөвшүүлэх, амьдралын нарийн харилцаанд сургахад онцгойлон зориулагдсан" хэмээн онцоллоо.

“ААВ ЭЭЖИЙН НОМ” нь дөрвөн бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийг тухайн асуудлаар мэргэшсэн зохиолч нар бичжээ.

  1. Хүн хайрлуулах гэж л ирдэг (Э.Дуламсүрэн, Д.Баттогтох)
  2. Бага насны хүүхэд буюу хүний хүн төрх бүрэлдэх нь (Л.Отгонсүрэн)
  3. 6-12 настай хүүхэд буюу хүн хүмүүжүүлэхүй (Д.Баттогтох)
  4. 12-18 насныхан буюу өсвөр нас - иргэн төлөвших цаг (Ц.Түвшинтөгс)
Нээлтийн ажиллагааны фото

Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн хүүхдээ интернет, хэвлэл мэдээллийн хортой контентын нөлөөнөөс хэрхэн хамгаалах зэрэг орчин үеийн нийгэмд хүүхэд хүмүүжүүлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг даван туулах гарцуудыг зааж өгөх аж.

"Аав ээжийн номыг" ЖАЙКА ОУБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан байна. 

Ном өнөөдрөөс эхлэн "Аз Хур", "Интерном", "Мажестик" номын дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх аж.