Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Ард нийтийн санал асуулга, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ялгаатай ойлголт"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

"Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэнд нэмэлт, өөрчлөлт оруулах процедурын хувьд сайнаар харвал ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан, саараар харвал ард түмний нэрээр Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг бүрдүүлж өгч буй мэт харагдах овжин арга болсон" гэж судлаач А.Бямбажаргал ярилаа. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ажлын хэсгийнхэн боловсруулж дуусаад УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа.

Ингээд уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн үйл явц болон төсөл дэхь зарим алдаа дутагдлын талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор А.Бямбажаргалын тайлбар, байр суурийг хүргэж байна. 

Ард түмний нэрээр Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг бүрдүүлж буй мэт харагдаж байна

2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгын тухай хэмээх хуулийг батлан гаргасан.

Тус хууль батлагдахтай зэрэгцэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсон.

Уг хуулийн 5.3.4-т “Зөвлөлдөх санал асуулгаар ... Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах” буюу уг зөвлөлдөх санал асуулгаар нэгэнт шийдсэн бол цааш шууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн боломж бий болохоор заасан. 

Энэ нь нэг талаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хууль санаачлах эрх бүхий субьектуудыг шууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах төслийг дээрх Зөвлөлдөх санал асуулгад тулгуурлан явуулах заавал биелүүлэхийг шаардсан зохицуулалт болсон.

Чухамдаа энэ нь л одоо бий болоод өргөн баригдаад буй төслийн эх үндэс болж байна.

Үүний үр дүнд Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэнд нэмэлт, өөрчлөлт оруулах процедурын хувьд сайнаар харвал ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан, саараар харвал ард түмний нэрээр Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг бүрдүүлж өгч буй мэт харагдах овжин арга болсон

Ард нийтийн санал асуулга, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ялгаатай ойлголт.

Төслийн зарим нэг хэсэг Үндсэн хуулийн суурь бүтцэд халдсан байна

Одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг үзвэл ердийн болон бусад органик хуулийн түвшинд шийдэж болох олон асуудлыг үндсэн хуульд оруулах гэсэн буруу арга зүй зонхилж байгааг хэлмээр байна.

Тухайлбал,Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд, төрийн хяналтын байгууллага хэмээх институц гүйцэтгэх эрх мэдэл, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд мөн хуульд заасан бусад байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хэмээн заасан.

Зөвлөлөдөх санал асуулгын үеэр яригдаж байсан асуудал бол энэ мэт хэд хэдэн байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох хэмээн онцолж байсан.

Гэвч нэг зарчмын ялгаа байгаа нь Үндсэн хуульд заагдсан байгууллага болгон үндсэн хуулийн байгууллага болохгүй.

Өөрөөр хэлбэл нэр нь үндсэн хуульд орсоноор Үндсэн хуулийн байгууллага болохгүй юм.

Ганцхан жишээ дурдахад Үндсэн хуулийн байгууллагын нэг шинж бол үндсэн хуулийн хяналтын байгууллагаар өөрийн шийдвэр, үйл ажиллагааг хяналуулах шаардлагатай байдаг.

Үндсэн хуулийн суурь бүтцэд халдсан гэж онцолж буйн тод жишээ нь уг байгууллага хэрэв төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх боллоо гэхэд өнөөгийн бусад энэ төрлийн чиг үүрэг гүйцэтгэдэг тухайлбал шүүх зэрэг институцтэй хэрхэн уялдах, эрх хэмжээтэй нь давхардах эсэхийг юун түрүүнд шийдвэрлэх шаардлагтай. 

Төслийн зарим нэг хэсэг одоогийн Үндсэн хуулийн суурь бүтцэд халдсан шинжтэй байна. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах талаар цөөнгүй зохицуулалт уг төсөлд оржээ.

 Гэвч энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах буюу тэнцвэржүүлж байдаг улсын дээд шүүхийн шүүгчийн эрх хэмжээг ерөнхийлөгчид давхар олгож буй нь одоогийн хууль болон үндсэн хуультай харшилж байна. 

Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг голлох өөрчлөлт болгон тавьж буй нь буруу.

 Учир нь манай улс 1992 оны Үндсэн хуулиараа засаг захиргааны нэгж дотор хот, тосгон байгуулж болох эрх зүйн боломжийг олгосон.

 Гэтэл энэ эрх зүйн боломжийг ашиглахын оронд аймаг нэртэй хотуудыг ээлж дараалан байгуулж хуулиар олгосон олон боломжоо дан ганц төсөв хувиарлах нэгж болгох үүднээс хязгаарласан.

 Тэгвэл өнөөгийн өөрчлөлтын тэргүүн эгнээнд үүнийг гаргаж тавьж буй нь эргэлзээтэй шийдвэр юм.

Түүнчлэн улс буюу нийгмийн аль ч асуудлаар явуулах санал асуулгын хувьд цаашид парламент шийдэх эрхийг олгох хэлбэрээр буюу урьдчилан парламентийн өмнөх шийдэл болгож хэрэглэдэг дэлхий нийтийн чиг хандлага байна.

Бид энэ байдлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг, эсвэл мэдэх боломжтой байхад зориуд мэдэлгүйгээр өөр хооронд нь хольж хэрхэвч болохгүй.

 Үндсэн хууль Монголын нийт ард түмний нийтлэг ашиг сонирхолыг илэрхийлэгч юм.

Үндсэн хууль бүхий орны хувьд буруу жишиг тогтоосон

Одоогоос 17 жилийн өмнө одоогийн үндсэн хуульд УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Гэтэл үнэндээ үндсэн хууль зөрчсөн явдал болсон.

Аливаа улсын хувьд үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал богино хугацаанд өдөр тутам тохиодог зүйл биш юм.

Харин 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн хувьд би хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзмээр байна.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн процедур талаас,

Хоёрдугаарт, агуулгын хувьд. Агуулгын хувьд уг нэмэлт, өөрчлөлт одоо хэр нь судлаачид, иргэдийн шүүмжлэлд өртсөөр байна.

Харин нэмэлт, өөрчлөлт оруулсан процедур буюу арга ажиллагааны хувьд яах аргагүй ардчилсан үндсэн хууль бүхий орны хувьд буруу жишиг тогтоосон үйл явдал.

Учир нь 2000 оны уг нэмэлт, өөрчлөлт хийгдэж байх үед өнөөгийнх шиг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах харилцааг тусгайлан процедур тогтоосон хууль байсангүй.

УИХ өөртөө эрх олгох замаар буюу шууд л Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлт гэх УИХ-ын ямар нэг шийдвэргүйгээр уг нэмэлт, өөрчлөлтийг хийчихсэн.

Гэтэл УИХ-ын шийдвэрийн хэлбэр хууль эсвэл тогтоолоос өөр хэлбэргүй.

Харамсалтай нь тэр үед УИХ-ын шийдвэрийн хэлбэрт багтахгүй, Үндсэн хуулийн цэц хянахгүй өөр нэг хэлбэр бий болгох замаар уг нэмэлт, өөрчлөлтийг хийсэнд хамаг учир нь байгаа.

17 жилийн өмнөх алдааг давтах ёсгүй

Одоо хүчин төгөлдөр үйчилж буй Үндсэн хууль ёсоор Үндсэн хуулийн цэц үндсэн хуульд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчигдсөн талаарх дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх хэмжээ бүхий байгууллага.

Энгийнээр хэлбэл Үндсэн хуулийн дархлаа буюу манаач байж үндсэн хуулиа хамгаалах, хэрэгжих баталгаа нь болох учиртай юм.

 Гэтэл онолын хувьд бол хүлээн зөвшөөрч болшгүй үндэслэлээр 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг цэц хянах эрхгүй болоод байна.

Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй учир түүний нэг хэсэг байна гэх хандлага.

Үүнээс үүдэн цэц Үндсэн хуулийн нэг заалтыг нөгөө заалттай нь зөрчилдөж буй эсэх асуудлаар хяналт хэрэгжүүлэхгүй гэх асуудал юм.

 2010 оны хуульд дэлхий нийтийн жишгийн дагуу бие даасан хууль байх эрх зүйн боломжийг бий болгосон.

Энэ дагуу бид өмнөх муу жишгийг өөрчлөх шаардлагтай

Энэ нь ч онолын хувьд зөв хандлага болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар хэлбэртэй байх ёстой байх талаар саналаа хэлмээр байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэж заасан. Энэ нь ч учиртай. Дэлхийн нийтийн чиг хандлага үндсэн хуульт ёс төлөвшсөн улсуудын хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлбэр нь бие даасан хууль байж тэрхүү хуулийг бусад ердийн хуулиудаас илүү нарийвчилсан процедурын дагуу хэлэлцэж баталдаг.

Гэтэл одоогийн өргөн баригдаад буй төсөл “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэсэн нэртэй буюу хуульд нийцээгүйг онцолмоор байна.

Бие даасан хууль байх нь цаашид Үндсэн хуулийн хяналтын байгууллага, манайхаар бол Үндсэн хуулийн цэц агуулгын хувьд хяналт тавих үндсийг бий болгох ач холбогдолтой.

Тийм учир бид 17 жилийн өмнөх алдааг давтах ёсгүй.

Үнэт зүйлсдээ хайр найргүй хандаж болохгүй

Нэг зүйл тодорхой байгаа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүхий л бэлтгэл үе шат нэгэнт хийгдчихжээ.

 Үүний илрэл нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлан гаргасан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2017 оны 2 дугаар сарын 9-ны зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, тус өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт бас сүүлийн үед өргөн баригдаад буй уг төслийн үйл явцаас харж болхоор байна.

Иймд иргэн бүр уг үйл явцад хянамгай, сэрэмжтэй хандах учиртай.

Яагаад гэвэл бидний амьдралд эдгээр өөрчлөлтүүд шууд л мэдрэгдэж эхэлнэ.

Тухайлбал, төрийн албаны зөвлөл гэхэд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар зохицуулж ирсэн.

Гэвч хуулиа биелүүлээгүйн төлөө үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмээн тусгаж  буй нь арга зүйн хувьд тохиромжтой биш.

Үндсэн хууль байнга тогтвортой үйлчлэх учиртай. Гэвч дэлхий дахины ардчилсан гэх олон үндсэн хуульд шууд тоочих хэлбэрээр аливаа зүйлсийг нэрлэхийг татгалзаж байхад өмнөх үерүүгээ ухарсан зүйлсийг уг төслөөр санал болгож байна.

Энэ нь яамдыг шууд нэрлэх гэх мэт. Энэ мэт дурдаад байвал олон асуудал байгаа. 

Тийм болхоор би ч мөн иргэний үүргээ биелүүлж оролцоно хэмээн харж байна.

 Бид сүүлийн 25 жилийн турш ардчилсан үндсэн хуулиа аль болох бэхжүүлэх чиглэлд ажиллаж ирсэн.

Гэвч уг үнэт зүйлсдээ хайр найргүй хандаж болохгүй.

 Энэ нь Үндсэн хуулийг хөндөж болохгүй гэсэн үг биш боловч түүнд энэ явж буй арга замаар, энэ агуулгын хувьд бол нэмэлт, өөрчлөлт хийх нь ямар үр дагавар авчирч болохыг сайтар тунгаах шаардлагатай.