Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Хувийн компаниуд Богд уулын газрыг эзэмшиж, замбараагүй үйл ажиллагаа явуулж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын уулчдын клубээс Богдхан уулын газрын асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Богд ууланд долоо хоногт 10 мянга орчим хүн аялдаг гэсэн судалгаан дээр үндэслэн Зайсангийн орчимд 450 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, амарч тухлах сандал гэхчлэн бүтээн байгуулалт хийхээр болсон.

Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богд уулын тусгай хамгаалалтын бүс нутагт Энигма компанийн эзэмшлийн 41 га газрын 3 га газрыг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

"Хувийн хэвшлийн компаниуд Богд уулын газрыг нь эзэмшиж, маш замбараагүй үйл ажиллагаа явуулж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Уулын спортын мастер Т.Ичинхорлоо “Өнөөдөр Богд ууланд авирч байгаа, алхаж байгаа бүх хүмүүсийг би талархан хүлээж авдаг.

Гагцхүү хувийн хэвшлийн компаниуд газрыг нь эзэмшиж аваад маш замбараагүй үйл ажиллагаа явуулж байна.

Тэр компаниуд эзэмшил газраа цэвэр, тохитой байлгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, машины зогсоол, суух суудалтай болгож өгөхийг хүсэж байна.

Бидний үед Богд уулыг эргэн тойрон шүтэж мөргөж байсан түүхтэй шүү дээ” гэлээ.

Энигма компани 2015 оноос одоог хүртэл газрын төлбөрөө төлөөгүйгээс гадна уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байжээ.

Тус компаний дээрх БОАЖЯ-ны шийдвэрийг эсэргүүцэн, өөрийн харьяа сургууль болох МҮИС-ийн оюутнуудыг газрын маргаандаа хутган, тэднийг турхиран жагсаал цуглаан зохион байгуулж байгаад харамсалтай байгаагаа оюутнууд илэрхийллээ.

"Хичээлийг нь үргэлжлүүлэхгүй, дүнг нь гаргаж өгөхгүй оюутнуудыг жагсаалд оролцуулж байгаагаа болих хэрэгтэй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Оюутан Б.Нарангэрэл “Уулын спортын салбарынхан, аялагчид, оюутнууд цаашлаад иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудал гараад байна. 2015-2017 оны хооронд татвараас зайлсхийснийх нь төлөө улс 41 га газрын 3 га газрыг буцаан авсан.

Гэтэл түүний эсрэг оюутнуудыг цуглуулж, жагсаал цуглаан зохион байгуулж байна. Оюутнууд юуны төлөө жагсаж байгаагаа мэдэхгүй олон хоног болж байна.

Улаанбаатар хотын иргэд өглөө босоод цай сүүнийхээ дээжийг Богд ууландаа өргөдөг байсан бол МҮИС руу өргөх болох нь. 41 га газрыг хувийнхаа эрх ашгийн төлөө ашиглаж байна. Энэ маш буруу.

Ямартай ч өнөөдөр хичээлийг нь үргэлжлүүлэхгүй, дүнг нь гаргаж өгөхгүй жагсаалд оролцуулж байгаа МҮИС-ийнхан болих хэрэгтэй. Бид энэ сургуульд Монголын Оюутны Холбоотой хамтран шаардах бичиг хүргүүлнэ” гэв.