Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Төгсөө: "Тамхины хууль бодит амьдрал дээр хэрэгжиж байна уу" гэвэл хараахан үгүй

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Тамхины эсрэг өдөрт зориулан тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах ажлыг зохион байгуулах талаар Ерөнхий Боловсролын Сургуулийн багш нар, Монголын сурагчдын холбоо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тамхины орцод 3,000 гаруй химийн хорт бодис агуулагддаг ба тэдгээр нь хүний биед үүсэх олон өвчний суурь болдог ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр 1 тэрбум орчим тамхичид байдаг байна.

Цаашид хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн холбоо, монголын сурагчдын холбоо хамтран Хүүхдийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны төв байгуулж ажиллахаар болжээ.

Б.Алтанжолоо: Төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй ЕБС-тай тулж ажиллана

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо “Хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны төвийг байгуулж байна.

Энэ нь хамрах хүрээний хувьд улсын хэмжээн дэх төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй Ерөнхий боловсролын сургуулийг арга зүйгээр хангаж, тулж ажиллана. Цаашид тогтмол үйл ажиллагаа явуулах болно.

Төвийн хувьд хүүхдүүдийг хорт зуршлаас сэргийлэхэд ямар бодлого, арга зүй баримтлах ёстой байдаг, хэзээ сургалт явуулах нь тохиромжтой байдаг тал дээр сургуулиудад, хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм” гэв.

Манай улсын хувьд “Үндэсний статистик”-ийн газрын гаргасан судалгаагаар нийт хүн амын 27.1% нь тамхи татдаг 15 нас хүрэхээсээ өмнө 1 ширхэг тамхийг татаж үзсэн эрэгтэй 17.2%, эмэгтэй 0.8% гэсэн дүн гарчээ.

Г.Төгсөө: Хоёрдугаар сургуулийн ойролцоо зөвхөн хүүхдүүдэд ширхэглэн борлуулдаг ТҮЦ байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

School Police төвийн нарийн бичгийн дарга Г.Төгсөө “Тамхины хяналтын тухай хуульд сургуулийн ойр орчмын 500м газарт тамхи ширхэглэн борлуулах буюу худалдаалахыг хориглоно гэж заасан байгаа. Мөн сургуулийн ойр орчимд тамхи татахыг хүртэл хориглосон байдаг.

Гэтэл энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжиж байна уу гэвэл хараахан үгүй. Бодитоор нь авч үзвэл Хоёрдугаар сургуулийн ойролцоо зөвхөн хүүхдүүдэд ширхэглэн борлуулдаг ТҮЦ байна.

Үүнийг харгалзах хууль ёсны байгууллагуудад нь удаа дараа мэдэгдэж байгаа боловч засардаггүй жишээ байсаар байна. Тэгэхээр бид тамхи татаж байгаа хүүхдүүдэд зориулсан тусгайлсан хөтөлбөрийг боловсруулж гаргамаар байна.

Эцэг эхчүүдэд нь тусгайлан хариуцлага тооцдог, сургалт явуулдаг, зөвлөгөө өгдөг арга зүйг боловсруулах шаардлагатай. Энэ тал дээр эцэг эхийн эргүүл School Police төв болон Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран хяналт тавьж ажиллаж байна” гэлээ.

1988 оны тавдугаар сарын 31-ээс эхлэн дэлхий нийтээр “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж иржээ.

"Дэлхийн тамхины эсрэг өдрийг тохиолдуулан Монголын Сурагчдын холбоо, Монголын эцэг эхийн холбоо, School Police төв хамтран дараах уриалгыг гаргаж байна.

  1. Насанд хүрээгүй хүнийг тамхи татахыг бүрэн хориглох, хуулийг шинэчлэн өөрчлөх
  2. Насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал эцэг эхэд нь хариуцлага тооцож тамхи татсан хүүхдэд тусгайлан соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тогтолцоог бий болгох , тамхины хор хөнөөлийг ойлгуулах,
  3. Сургуулийн болон бусад орчинд тамхи ширхгээр худалдахгүй байх. худалдсан тохиолдолд үйлдвэр үйлчилгээ явуулах эрхийг хасах. тусгай зөвшөөрлийг цуцлах,
  4. School рolice-с эцэг эхийн эргүүл цаашид тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулан ажиллахаар school police төвөөс төлөөлөн ажиллаж байна,
  5. Тамхины хорт зуршлаас урьдчилам сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд сургалт арга зүй нэгдсэн ойлголт өгөх зорилгоор тамхины хор хөнөөлийг өсвөр үеийнхний нас сэтгэхгүйн онцлогт тохирсон сургалтын арга зүйг боловсруулж сургалтын нэгдсэн гарын авлагатай болох,
  6. Тамхи татдаг эцэг эхчүүд. асран хамгаалагчид хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх талаар ухуулга сурталчиллаа явуулах хүүхдийг дам тамхидалтад өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх,
  7. Хүүхдийг хүүхдээр нь дамжуулж хорт зуршлаас урьдчилан сэргийлэх дадал хэвшилд сургах үүднээс “Өсвөрийн 333 сургагч багш” сургалтыг уламжлал болгон зохион байгуулж байна.