Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 1, 2-нд бороо орох төлөвтэй байна

Л.Ганчимэг
2017 оны 5 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зуны эхэн сар гарчхаад байхад бороо олигтой ордоггүй. “Жаахан бороо ороосой” гэдэг хүлээлт малчид, тариаланчдад хамгийн их бий. Тэр ч байтугай хотын иргэд хүртэл “Бороо ороосой” гэж хүсэж байна. Өдийхөнд орсон бороо газар тариаланд ч, малд ч хэрэгтэй болохоор тэр. Харин “хүсэхэд хясах” гэгчээр хурмаст тэнгэр хураа хайрлах нэг л дургүй. Үүнийг зарим туршлагатай малчин “Хэт халсан гантай жил болох нь” хэмээн тайлаад буй.

Олон жарны уламжлалтай монгол зурхайн ухаанд ч гал тахиа жилийн байгаль, цаг уурын өнгийг ерөнхийдөө хуурай, гандуу л гэж зурсан байх юм. Тиймээс зарим нутагт алтан баян хангайгаа аргадаж уул овоогоо тахиж эхэлжээ. Харин байнгын ажиглалт судалгаа хийж байдаг мэргэжлийн байгууллага болох Цаг уур орчны шинжилгээний газрын инженер хүн юу гэж үзэж байна вэ.

Ч.Сарантуяа: Наадмын үеэр хэт халж болзошгүй

Цаг уур, орчны шинжилгээний газрын технологич инженер Ч.Сарантуяатай энэ зургаадугаар сард цаг агаар ямар байх талаар ярилцлаа.

-Өнгөрсөн сард нийт нутгаар хуурайшилттай байлаа. Заримдаа бүр хэт халж, бороо хур ч тааруухан байсан. Харин энэ сард хэр халах бол, бороо хур хэр орох бол. Малчид “Энэ сард бороо хур орохгүй бол нийт нутгаар гандуу байх нь” хэмээн санаа зовниж сууна?

-Энэ сарын цаг агаарын дундаж температур Монгол орны нутгийн хойд хэсгээр уур амьсгалынхаа дунджаас 0.5-1 градус орчмоор дулаахан байх төлөвтэй. Бусад нутгаар дундаж хэмжээний орчим байна. Өөрөөр хэлбэл, баруун аймгуудын өмнөд хэсэг Ховд, Говь-Алтай, Баянхонгор, говийн ихэнх нутаг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджийнхаа орчим байх төлөвтэй. Энэ сард орох хур борооны урьдчилсан төлөвөөр бол Монголын ихэнх нутаг, ялангуяа нутгийнхаа хойд хагаст уур амьсгалынхаа дундаж хэмжээнд, өмнөд хэсгээр дундаж хэмжээнээс ахиу байна.

Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймаг, Дундговийн зүүн хэсэг, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, Сүхбаатарын баруун тал, Хэнтийн өмнөд хэсгээр дундаж хэмжээнээс бага зэрэг ахиу бороо хуртай. Хойд талын зарим бүс нутагт дундаж хэмжээнээс бага байх төлөвтэй. Тухайлбал, Увс, Хөвсгөл, Булганы хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун тал, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн хил залгаа нутгаар багавтар хур тунадастай байна.

Ер нь сүүлийн жилүүдэд тав, зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв хур тунадас арай ахиу орж, нийт нутгаар сэрүүвтэр байсан. Энэ жилийн төлөв ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү л маягтай байгаа. Хур тунадасны хэмжээ бага зэрэг нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Төвийн аймгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд хэсэг Хэнтий, Дорнодын хойт хэсэг, мөн Дорнодын урд хэсэг буюу Халх гол тал руугаа сарын нийлбэр тунадас 50-70 мл, баруун зүгийн нутаг, төвийн бүсийн нутгаар 8-30 мл, тал хээрийн бүс нутгаар 30-50 мл орчим хур бороо ордог.

Энэ гарч байгаа сард ч ийм хэмжээний хур бороо орох төлөвтэй байгаа. Гэхдээ нийт нутгийн баруун, төв хэсэг, зүүн аймгуудын зарим газраар энэ хэмжээнээсээ багавтар хур тунадастай байна.

-Сүүлийн жилүүдэд сэрүүсэхээрээ огцом хүйтэрч, дулаарахаараа хэт халдаг болжээ. Энэ сард цаг агаарын ийм огцом үзэгдэл хэр хэмжээний байх бол?

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт нэлээд эрчтэй болсноос цаг агаарын үзэгдэл эрс тэс явагдаж байгаа. Хүйтрэхдээ огцом хүйтэрч, халахдаа хэт халдаг болчхоод байна. Өнгөрсөн сард ч гэсэн ийм үзэгдэл болж, зарим өдөр огцом хүйтэрч, зарим өдөр нь хэт халсан. Гарч байгаа сард ч хур бороо багавтар байх шинжтэй. Тухайлбал, эхний 10 хоногийн сүүлийн 2-3 хоногт, хоёрдугаар 10 хоногийнхоо эхний хагаст 3-4 хоногоор халах төлөвтэй.

Энэ хугацаанд Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Орхон, Сэлэнгийн сав, говийн бүсийн өмнөд хэсгээр, мөн Дорнод аймаг, Дарьгангын өмнөд хэсгээр зарим өдөрт 30-36 градус, талын бүс нутгаар 27-33 градус хүрч хална. Гэхдээ сарын эхээр буюу 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд нутгийн зүүн талд бороо орж магадгүй. Мөн сарын эхний 10 хоногийн дунд үед нутгийн зүүн хэсгээр нэлээд сэрүүвтэр байх нь. Цаашид хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үед нутгийн зарим газарт бороо хуртай байх төлөвтэй. Энэ хугацаанд агаарын температур сэрүүснэ. 

-Ирэх долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв ямар байх бол? 

-Ерөнхийдөө олон жилийн дунджаасаа бага зэрэг дулаахан буюу 0.5-1 градус орчмоор дулаан байх төлөвтэй. Завсар хооронд нь 1-2 хоногоор хэт халах нь бий. Долоодугаар сар манай орны хувьд хамгийн дулаан сар, хамгийн их халдаг үе. Тийм учраас уур амьсгалын дундаж үзүүлэлт ч өндөр байдаг. Ялангуяа, наадмын үеэр болон наадам өнгөрөөгөөд нэлээд халах болов уу. Энэ жил ерөнхий төлөвөөрөө нэлээд дулаан байгаа юм чинь зарим өдөртөө хэт халахыг үгүйсгэхгүй. 

-Хэт халж, бороо хур орохгүй бол үүл буудна гэж байсан? 

-Үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Ус цаг уур орчны шинжилгээний газар болон бүх аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвүүд хийдэг. Тухайн үед хур бороо орох нөхцөл бүрдсэн байвал буюу үүлнийхээ шинж байдлыг ажиглаад хэрэв боломжтой бол хур бороо ороход үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасыг ахиулна. Энэ жил үүлэнд зориудаар нөлөөлөхийн тулд нэмж пуужин авсан байгаа. 

Л.Тэрбиш: Хаврын дундаас хойш зундаа хуртай 

Монголчуудын дийлэнх олонх нь монгол одон зурхайн тооллыг дагаж мөрддөг. Энэ жил буюу алтан унжлагат гал тахиа жил зурхайн тольноо хэрхэн буусныг эргэн сөхье. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн зурснаар “Үхрийн зүсэнд цагаан өнгө их тул боом, сахуу өвчин дэлгэрэх нигууртай. Толгой улаан нь хур багатай, халуун өвчин дэлгэрэх талтайг илэрхийлжээ. Эвэр, сүүл, чих, хөх зэрэг нь улс орон хөдөлгөөнтэй байхыг харуулж байна. Омруу хөх тул хаврын дундаас хойш зундаа хуртай. Биеийн өнгө цагаан нь зундаа мөндөр цохихын дохио. Дөрвөн шийр шар нь улирлуудын сүүлээр өвс ногоо сайтай байхыг харуулж буй” гэжээ. 

 

Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүр барьсан нь хааны хатуу цааз бууна. Ард олон хаад, түшмэдтэй тэмцэлдэхийн дохио. Гутлаа өмссөн нь хур ихтэй, ард иргэд яаруу сандруу байхыг бэлгэднэ. Үхрийн өмнө яаран гүйж байгаа нь малд сайн ч ард зон хямралтай байна. Баруун чихний ар, зүүн чихний өмнүүр үс нь хийссэн нь өвчин бага байхын тэмдэг. Шар царайтай нь будаа тариа арвин авахыг бэлгэдэж буй гэсэн байна.

Ж.Гончигсүрэн: Дөрвөн улирлын эхээр хуурай гантай
 

Харин Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэн алтан тахиа жилийн ерөнхий төлөвийг зурахдаа “Энэ жил үхрийн өнгө нь цагаан. Шороон үхрийн зурлагыг дүрсэлбэл үхрийн толгой, ходоод, цулбуур нь улаан, эвэр, чих, сүүл, туурай, шийр, бие, ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарваж явна. Үхэр хариулаач нь цагаан царайтай, үсээ чихнийхээ араар хийсгэсэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон гутлынхаа барууныг өмсөж, зүүн гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан, хүч чадал багатай, идэр залуу, үхрийнхээ өмнө, яаравчлан гүйж явна” гэж байжээ.

Энэхүү зураглалаас жилийн байцыг залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Нийт олны үйлс бүхэн дэвжих боловч үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн сард хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг байна хэмээн үзсэн байна.

Зураг