Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Унадаг дугуй унахыг хориглоё

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 5 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

“Унадаг дугуй унаж явсан хүүхэд машинд шүргүүллээ” гэх сэтгэл сэртхийлгэм мэдээлэл ойрын үед ихээхэн сонсогдож буй. Түүний нэг илрэл нь өдөр бүр Замын цагдаагийн албанаас гаргадаг хоногийн мэдээлэлд энэ төрлийн осол, гэмтлийн 1-2 тохиолдол бүртгэгдсэн байх нь энгийн үзэгдэл болсон мэт харагдана. Хааяа зам булаацалдан машины хажуугаар хурдлан өнгөрөх унадаг дугуйтай хүүхдийн араас “Явган хүнийхээ замаар яваач. Машинд дайруулчих гээд байх юм” хэмээн бухимдах жолооч цөөнгүйнхэн харагддаг. Гэвч унадаг дугуйтнууд явган хүний замаар явах ёстой юу гэвэл бас л үгүй гэж хариулна.

Тиймээс л энэ төрлийн осол, гэмтэл ихсэж, улмаар амиа алдах тохиолдол ч гарч байгаа юм. Улаанбаатар хотын төвд унадаг дугуйтнуудад зориулсан зам гэж алга. Өөрт нь зориулсан зам талбай байхгүй учраас хүссэн газраараа явах нь ч тодорхой. Гэхдээ энэ асуудлыг тоохгүй өнгөрч болохгүй. Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 18 хүүхэд амиа алдаж, 46 хүүхэд хүнд хөнгөн байдлаар гэмтжээ. Харин Нийслэлийн хэмжээнд 28 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна. Түүнчлэн 2017 оны эхний дөрвөн сард гэхэд зөвхөн унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртөж, амиа алдсан дөрвөн хэрэг бүртгэгдсэн тухай Замын цагдаагийн албаны судалгаагаар гарчээ.

Сүүлийн үед эцэг, эхчүүд компьютер, гар утаснаас татгалзаж аль болох хүүхдийнхээ эрүүл мэндэд нь ашиг тустай тоглоом сонгох болсон. Тэдний ихэнх нь унадаг дугуй сонгох нь бий. Унадаг дугуй хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд эерэг нөлөөтэй ч зориулалтын замгүйгээс болж таны хүүхдэд болон өрөөл бусдад ч томоохон гарз хохирол учирч байгаа юм. Тиймээс нийслэлийн удирдлагууд зориулалтын дугуйн замтай болтлоо бүх нийтээр унадаг дугуй унахыг хориглосон журам гаргачихвал яасан юм. Шулуухан хэлэхэд, дугуй унаж явсан хүүхэд хүнд бэртэх эсвэл амиа алдаж, жолооч нь хуулийн хариуцлага хүлээнэ.

Ингэж өөрийгөө болон өрөөл бусдыг ч хүнд байдалд оруулахын оронд дугуйн замтай болтол дугуй унахгүй байсан нь дээр биз. Эсвэл нийслэлийн хэмжээнд цөөхөн тоологдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Их тэнгэрийн ам, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтын зам дээр л унадаг дугуй унах зохицуулалтыг хийхгүй бол хүүхэд, багачууд зам тээврийн ослын томоохон хохирогч болж дуусах нь ээ.

Нэгэнт батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүйгээс хойш Нийслэлийн Засаг дарга С.Батболд эрх мэдлийнхээ хүрээнд уг асуудлыг шийдчихэж болмоор. “Зориулалтын бус газар унадаг дугуй унахыг хориглолоо” эсвэл “Зөвхөн зориулалтын замтай нэр бүхий газруудад унадаг дугуй унахыг зөвшөөрнө” гэсэн журам, захирамж гаргачихад асуудлыг багахан ч гэсэн шийднэ.

Сүүлийн үед хүүхэд, багачууд гэлтгүй залуучууд ч унадаг дугуйг сонирхож байна. Тэр бүү хэл, унадаг дугуй болон мопедоор ажлаа хийдэг хүн ч олширсон. Ялангуяа түргэн хоолны хүргэлтийн газрууд дээрх төрлийн унаагаар ажлаа залгуулдаг. Харин ажилчдынх нь ихэнх нь оюутан, залуус байх юм. Үүнээс харахад нэг сая 500 гаруй мянган хүн амтай мега хотод дугуйн зам үгүйлэгдэж байгаа нь илэрхий.

Тэртээ тэргүй дэд бүтэц, зам барилга нь хөгжчихсөн хотын замыг өргөтгөж, дугуйн замтай болгоно гэдэг үлгэрийн далай. Харин одоогийн нөхцөл байдалдаа таарсан захирамж, шийдвэрийг л гаргачих хэрэгтэй байгаа юм. Ядаж л хүүхдүүдийг зориулалтын зам, талбайд дугуй унуулж, автомашинтай зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцуулдаггүй болчихмоор юм даа.

 

Зураг