Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтэн 15 жил үргэлжилсэн хэрүүл эцэслэх үү?!

Б.Төрбат
2017 оны 5 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэх албан тушаалын ард ямар эрх ашиг "нуугдсан" болоод Р.Нямдорж өнөөг хэр нь ажлаа хүлээлгэж өгөхийг хүсэхгүй байна вэ?!- 

Монголын Үндэсний бөхийн холбоог 1998 оноос хойш өнөөг хүртэл удирдсан Р.Нямдоржийг үүрэгт ажлаас нь "чөлөөлжээ". Тус холбоог олон жил тэргүүлж, "Монгол бөхийн өргөө"-нд эзэн сууж "дархлагдсан" гэгддэг түүний оронд "Гацуурт"-ын Л.Чинбатыг томилсон байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн ням гарагт Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хуралдаан болж дээрх шийдвэрийг гаргажээ. Тэд энэ тухайгаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн юм.

Тодруулбал, ээлжит бус "Их Эе"-ийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатар "Хурал шүүхийн шийдвэрийн дагуу болсон. Хурлаар холбооны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөнөөс Х.Баянмөнх, А.Сүхбат, нар нэрээ татаж Л.Чинбатыг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 100 хувийн саналаар сонголоо. "Их Эе"-ийг зарлан хуралдуулах дүрэмд 200 хүртэлх төлөөлөгч оролцоно гэж заасан байдаг. Нийт 170 төлөөлөл оролцсон. Хурлаар холбооны тэргүүнийг сонгож батламжлах, Цэцдийн зөвлөлийн дарга болон гишүүдийг томилсон. Хууль дүрмийн дагуу хуралдсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харин хуучин МҮБХ-нд дэд тэргүүн гэсэн албан тушаал байсныг болиулж, Дотоод ажлаа хариуцсан гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалыг оруулж ирлээ. Гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд сонгон шалгаруулалтаар зарлана. Хурлын тайланг албан ёсоор хуучин удирдлагуудад хүргүүлнэ. Тэднийг ухамсраараа үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдэгт итгэж байна" гэв. 

Харин нөгөө талд Р.Нямдорж ээлжит бус "Их Эе"-ийнхээ шийдвэрийг эсэргүүцэж мөн л өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Тэрбээр "Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат, Ж.Ганболд, Х.Баянмөнх нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй, нэр хүнд муутай. Би үүнийг Монголын бөх сонирхогчдод гурван жилийн өмнөөс хэлсэн. Миний хүсэж байгаа ганц зүйл бол биеийн хөгжил, оюуны хөгжил, сэтгэл зүрхний хөгжил, иргэний боловсролтой хүнд би ажлаа өгнө. Монгол бөхөө гэсэн сэтгэл зүрхгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Ганболд нарт ажлаа өгөхгүй. Дэвшүүлээд байгаа хүн нь эд нартай адил бөхөө гэх сэтгэл, зүрхгүй ижил хүн байж магадгүй гэж би хардаад байгаа юм. Тэрнээс Л.Чинбат бид хоёр нэг нутгийнхан. Энд нэр дэвшиж байгаа хүн ямар ч намын харьяалалтай байх ёсгүй. Хоёрдугаарт бөхийг үздэг, дунд нь ороод холилдож явдаг ийм хүн байх ёстой" гэх тайлбарыг өглөө. 

Хэрэв уншигчид санаж байгаа бол дээрх үйл явц бүтэн 15 жил үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийг албан тушаалаас нь буулгах гэсэн нөхөд, эсрэгээрээ албан тушаалаасаа буухгүй гэх Р.Нямдорж хоорондын тэмцэл аль 2002 оноос эхлэлтэй. Нөгөөтээгүүр Р.Нямдорж тэргүүнийг тойрсон хар бараан мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа хөвөрдөг жишиг тогтжээ. 

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтнүүд “Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолоо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Таны үед шударга ариун байх ёстой Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж дууслаа. Өнөөдөр сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлж байна.

Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэж би боддог. Тиймээс энэ байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдаан үзэхийн төлөө тэмцэж явна. Үүнийг боогдуулж байгаа хүн нүгэлтэй шүү” хэмээн нэг биш удаа мэдээлэл хийж байлаа.

Эсрэгээрээ тэр бүхэнд нь Р.Нямдорж тэдний өгсөн мэдээллийг эсэргүүцэж хэвлэлд хандах зэргээр үйл явдал өрнөсөөр өнөөдрийг хүрсэн гэхэд болно. Энэ бүхнээс харахад Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэх албан тушаалын ард ямар эрх ашиг "нуугдсан" болоод Р.Нямдорж өнөөг хэр нь ажлаа хүлээлгэж өгөхийг хүсэхгүй байна вэ?! гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байна.

Зарим нэг нь УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын хэлсэнчлэн Монгол бөх хээл хахуульдаа идэгдэж, сумын заан цол авахын тулд таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн хахууль төлдөг болохоор Р.Нямдорж тэргүүн албан тушаалаасаа буухыг төдийлөн хүсдэггүй гэх яриаг ч түгээжээ. Магадгүй Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэх албан тушаал авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон байж ч мэднэ. Тиймээс л Р.Нямдорж өнөөг хүртэл албан тушаалаасаа зүүгдсээр байгааг үгүйсгэхгүй. 

Нөгөөтээгүүр сүүлийн 15 жил үргэлжилсэн Монголын үндэсний бөхийн холбооны их хэрүүл шинэ тэргүүн сонгогдсоноор төгсөх шатандаа орж байж ч мэдэх юм. Тэртээ 2002 оноос эхлэлтэй уг хэрүүл ийн үргэлжилж байгаа нь цаанаа нэлээдгүй том эрх ашиг явж байгаа мэт гэх харыг дагуулж байгаа ч ямар ч эрх ашиг байсан энэ бүхний хамгийн том золиос нь бөхчүүд болж байгааг бөх сонирхогчид хэлж байна. Өнөө цагт бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаа ч гэсэн Монгол бөх гэдэг хэдэн олон зуун жилийн түүхтэй бөхийн өв соёлыг өөрийн биед тээн яваа бөхчүүдийн эрх ашиг хамгийн ихээр хохирч байна.

Маргалдагч талууд бөхчүүдийг нутаг усаар нь хуваан авч Хэнтийн бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг дагаад Р.Нямдоржийн талд орчхоод байдаг, харин Өвөрхангайнхан Д.Сумъяабазар аваргыг дагаад А.Сүхбатын талд ордог хэмээн ярьж суусан удаа ч бий. Одоо харин энэ талцал, тэмцэл үгүй болж Монгол бөхийн хөгжил шат ахих ёстой гэсэн их хүлээлт бөх сонирхогчдын дунд үүслээ. Харин бүтэн 15 жил үргэлжилсэн хэрүүл эцэслэх үү.

Зураг