Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийг чиглэсэн бүх нислэгт зөөврийн компьютер авч орохыг хориглоно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн гуравдугаар сард Ойрх Дорнодын найман орноос АНУ руу чиглэсэн бүх нислэгийн онгоцонд зөөврийн компьютер, таблет зэрэг овор ихтэй төхөөрөмжүүдийг гар тээшинд авч орохыг хориглосон бөгөөд зөвхөн ачаанд тээвэрлэхийг зөвшөөрсөн юм. Ингэх болсон шалтгаан нь террористууд эдгээрийг тэсрэх бөмбөг болгон ашиглахаас сэргийлж байжээ. Тэгвэл энэхүү хориг удахгүй АНУ руу ирэх, буцах  дэлхийн бүх орны нислэгт хэрэгжиж магадгүй болоод байгааг тус улсын дотоодыг аюулаас хамгаалах департментын нарийн бичгийн дарга Жон Кэлли өчигдөр Fox News сувагт ярьсан байна.

Террористууд “Америк зорчигчдоор дүүрсэн, ялангуяа Америкийн авиа компаниудын нисэх онгоцнуудыг унагах зорилго” өвөртлөх болсныг Кэлли дурдаад, бодит аюул улам бүр нэмэгдэж байна гэж ярьжээ.

Авиа компаниуд ч үүнд бэлдэж эхэлснийг өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэд одоо эрх баригчдын дүгнэлт, эцсийн шийдвэрийг хүлээж байгаа гэнэ.

Тиймээс удахгүй Америкийг зорин нисэхдээ ажил хийх, зугаацах, электрон хэлбэрээр ном, бичиг баримт унших боломжгүй болох ажээ.

 

Эх сурвалж: Russia Today