Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркель: Герман цаашдаа АНУ-д найдаад хэрэггүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Германы канцлерь Ангела Меркель Ням гарагт Мюнхен хотод үг хэлэхдээ АНУ, Их Британиас зайгаа барьсан мэдэгдэл хийжээ.

“Германы хувьд бусдад найдаж амьдрах цаг өнгөрсөн байна. Үүнийг би сүүлийн хэд хоногт мэдэрлээ” гээд “Европчууд бид өөрсдийн хувь заяаг гартаа авах цаг иржээ” хэмээн Меркель ярьсан байна.

Хэдийгээр нэр дурдаагүй ч тэр АНУ болон Европын холбооноос гарч байгаа Британийг хэлсэн нь тодорхой юм. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Их Долоогийн уулзалтыг Меркель “хүнд хэцүү”, “үр дүн муутай” гэж дүгнэж байв. Тэрээр уг уулзалтыг “Нэгийн эсрэг Зургаа” буюу АНУ-тай бусад зургаан гүрэн хэлэлцэх маягаар болсон гэж дүгнэжээ.

Дональд Трампын цаг уурын өөрчлөлт, цагаачлалын, худалдааны гээд ярьсан бүх сэдэв нь бусад гүрнүүдийн байр суурийн эсрэг байсан юм. Трамп Их Долоогийн уулзалтаар Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнд нэгдэх тухай амлаагүй өнгөрсөн бөгөөд ирэх долоо хоногт хариугаа хэлнэ гэсэн. Гэвч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Трамп АНУ-ыг Парисын хэлэлцээрт нэгтгэхгүй гэдэг нь тодорхой болжээ.

Тэр бас чөлөөт худалдааг ганцаараа эсэргүүцэж, цагаачлалын асуудлаар хамгийн хатуу байр суурь илэрхийлж байв. Их Долоогийн уулзалтын өмнө болсон NATO-гийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Трамп бусад гишүүн орнуудаа хангалтгүй зардал гаргаж байгааг шүүмжилж, саяхан гарсан Манчестерийн халдлагад энэ нь нөлөөлсөн гэж хэлжээ.

Ангела Меркель АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обаматай сайн харилцаатай, олон асуудлаар ижил байр суурьтай байсан юм. Меркель Обамаг “Германы хүчирхэг холбоотон, найз нөхөр” гэж нэрлэж байсан бол Обама Меркелийг “миний бүрэн эрхийн хугацааны хамгийн сайн түншүүдийн нэг” гэж хэлж байв. Тэд Брюссельд болсон NATO-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзалдсан байна. Америктай хөндийрч байгаа энэ үед Меркель Франц-Германы түншлэлийг тэргүүн зорилтоо болгож байгаагаа Ням гарагт мэдээлжээ. Бие даасан, хүчирхэг Европыг бий болгоход Франц-Германы холбоо чухал үүрэгтэйг тэр онцолсон юм.

 

Эх сурвалж: Business Insider