Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай цэцэрлэгийн барилгын ажлыг ДАХИАД Л МАРТЧИХСАН уу Ж.БАТСУУРЬ САЙД АА?

Б.Ану
2017 оны 5 сарын 26
iKon.MN
 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”-ын байрыг нураагаад дөрвөн жил гаруй хугацаа өнгөрсөн ч төр засгийн зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байсан нь ээж, аавууд хүүхдүүдээ тэврэн нурсан цэцэрлэгийнхээ гадаа суулт хийхэд хүргэсэн билээ. 

Тэд одоо стандарт шаардлага хангагдаагүй, зориулалтын бус цэцэрлэгийн гурван ангид толгой хоргодон хүмүүжиж байгаа юм.

Хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой нийт 120 хүүхэд энд хүмүүжиж, эмчлүүлдэг билээ. 

Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрч жагсаал хийсний хүчинд Ж.Батсуурь сайдын “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гарсан.

Энэхүү тушаалд "Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх арга хэмжээг Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн газар /Д.Батмагнай/-т даалгасугай" гэж бичсэн байв. 

Нэгэнт ийм тушаал гарсан тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх шургуу хөөцөлдөж асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсч, асууж сурагласан боловч өдийг хүртэл ямар ч шийдэлгүй хүлээгдэж байгаа аж. 

Тиймээс ч дахин жагсаал цуглаан хийхээсээ илүү цэцэрлэггүй багачуудынхаа дунд "Миний цэцэрлэг" гар зургийн уралдаан зохион байгуулж улмаар зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн баяраар энэхүү зургуудаараа үзэсгэлэн хийж төв талбай дээр гаргахаар шийджээ. Мэдээж, эцэг, эхчүүд болоод цэцэрлэгийн хамт олон зургаадугаар сарын 1-нд үзэсгэлэнгээ гаргах нь тэдний гол зорилго биш. Тэд зориулалтын, стандартын шаардлага хангасан цэцэрлэгтэй л болохыг хүсч буй. 

 

 

Энэ талаарх өмнөх сурвалжлагуудыг ЭНЭ ТУХАЙ хэсгээс унших боломжтой.