Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Малчдын улсын зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөл оролцож байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнд малчин, фермерийн 800 гаруй төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөнөөр Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр,  Мал, амьтны эрүүл мэнд тухай  болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.

“Малчдын улсын зөвлөгөөн”-ийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм.

 

Тэрбээр "... Өнгөрсөн өвөл  17 аймгийн 149 сумдад  хүндэвтэр болсон ч малчид та бүхний шаргуу хөдөлмөр, Засгийн газраас урьдчилан авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд өвөл, хаврыг хохирол, эндэгдэл багатай даван тууллаа. Эх мал ч жилбэтэй төллөж дуусах дөхлөө. Энэ онд 26.4 сая эх мал төллөж 19.5сая төл хүлээн авч, төл бойжилт 98.0 хувьтай байгаа гэсэн мэдээг статистикийн байгууллагаас өгч байна.

Орчин цагт малын тоо толгойг бус, үүлдэр угсаа, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхийг тэргүүн зорилго болгох, тэгж ажиллах нийгмийн бодитой шаардлага бий боллоо. Аль ч салбарынханд байхгүй хамгийн том зах зээл малчид та бүхний л өмнө байна. 

Монгол Улсын Үндсэн хуулиар мал төрийн хамгаалалтад байдаг. Тэгвэл манай Засгийн газрын хувьд малчин хүн төрийн бодлогын төвд байх болно. Мал дагавал ам тосдоно гэж манай ард түмэн хэлдэг. Энэ үгийг сайн малчидтай байсан цагт ам тосдоно гэж ойлгох хэрэгтэй.

Гэвч сүүлийн жилүүдэд малч арга барил, малд нүдтэй байх чадвар, малчин хүний холч монгол ухаан өдөр бүр алсарсаар байгааг зориуд хэлье. Бэлчээрийн мал аж ахуйдаа зохицсон монгол ахуй, монгол дээл хувцас, малчин хүний  эд хэрэглэл зэрэг уламжлалт ёс заншлаа өдрөөс өдөрт гээгдэж байна. 

 

Орчин цагийн малчид хүлэг морио моторт хөлгөөр, монгол дээлээ өөр хувцасаар сольж байгаа нь нэг талаас хувь хүний сонголт боловч нөгөө талаас малдаа ээлгүй, байгаль орчиндоо халгаатай үйлдлээс гадна монгол малчны уламжлал ухаан биш болохыг ахмад буурлууд маань хэлж, сануулж байгааг залуу малчид санаж сэрэх хэрэгтэй. 

Монголын малчид бол ердийн нэгэн хувь хүмүүс биш ээ. Малчид бол өнө эртнээс Монголын үндэсний өв соёл, уламжлалыг тээж ирсэн, цаашид ч тээж явах үүрэгтэй өв соёлын элч нар юм.

 

Малчид зөвхөн мал маллаж улс орондоо хувь нэмрээ оруулдаггүй. Тэд бол нэг талаасаа үйлдвэрлэгчид, нөгөө талаасаа ажил олгогчид юм. Иймд үйлдвэрлэгч-малчдынхаа  үйлдвэрлэл, бизнесээ таатай орчинд явуулах, үр ашгаа шударга зарчим, шударга хуваарилалтаар хүртэж сайхан амьдрах боломжийг  бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бүх талаар хичээн ажиллах болно" гэв.