Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербэрг анх удаа Харвардад нэг ажлыг бүрэн хийж дуусгалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

2004 онд хувийн компаниа байгуулахаар Харвардын их сургуулийг орхисон Марк Зукербэрг өчигдөр буюу Пүрэв гарагт тус сургуульд эргэн ирж, 2017 оны төгсөгчдөд үг хэлэн, хүндэт докторын зэрэг хүлээж авчээ.

Байнгын чөлөөт хувцаснаас салдаггүй Марк энэ өдөр хослол өмсөж, зангиа зүүсэн нь содон харагдаж байв. Тэрээр “Хэрвээ би өнөөдөр хэлэх үгээ дуусгаж чадвал миний Харвардад анх удаа нэг ажлыг бүрэн хийж дуусгасан тохиолдол болох гэж байна” хэмээн хошигнож үгээ эхэлсэн юм.

Маркийн илтгэлд улс төрийн агуулга дүүрэн байсан хэдий ч улс төрд орох бодолгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байлаа.

Цагаачлал, цаг уурын өөрчлөлт, ажлын байр, суурь орлого, арьс өнгөний үзэл, эрүүлийг хамгаалах гээд бодлогын чанартай олон сэдвээр хэлсэн үг нь 40 минутад багтжээ. Тэр ч байтугай залуу тэрбумтан маань “бүх хүн онлайнаар сонгуульд оролцох боломжийг нээж, ардчиллыг орчин үежүүлэх шаардлагатай” гэж саналаа хэлсэн байна.

 

Марк мөн хувийн амьдралын түүхээсээ ярихдаа ирээдүйн эхнэр Присила Чантай танилцсанаа Харвардад байх үеийн хамгийн сайхан дурсамж гэжээ. “Би түүн рүү хараад, гурав хоногийн дотор би сургуулиас хөөгдөх гэж байгаа тул даруй болзож танилцмаар байна гэж хэлсэн” хэмээн дурсах үед сонсогчдын суудалд байсан Чан нулимсаа арчиж байв. Харвардад орсон нь түүний эцэг эхээ хамгийн том баярлуулсан тохиолдол одоо болтол хэвээр байгааг Марк бас хэлсэн байна.

Тэрээр цааш нь ярихдаа боломж бүрийг алдахгүй ашиглаж, алдаанаас айхгүй байхыг төгсөгчдөд захиад “Бэйонсе хүртэл ‘Halo’-г дуулахын тулд хэдэн зуун дуу дуулсан шүү дээ” гэж жишээ татжээ.

Марк дараа нь “universal basic income” буюу ажил хийсэн үгүйгээс үл хамааран хүн бүр баталгаат суурь орлоготой байх санааг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байна. “Аль нэг ажил олгогчоос үл хамаарсан хүүхэд халамж, эрүүл мэндийн бодлоготой байх” маш чухал гэдгийг хэлээд үүнийг хэрэгжүүлэхийн тулд амжилттай яваа хүмүүс нь зардлаас хуваалцдаг байх ёстой гэжээ.

Ингэхдээ Марк өндөр орлоготой хүмүүс, компаниудаас авах татварыг нэмэх тухай үг цухуйлгаагүй ч өөрийн Zuckerberg Chan Initiative сан нь “тэгш орлого”-ыг дэмжих төсөлд хөрөнгө оруулж байгааг дурдсан байна.  

Эцэст нь тэр Facebook-ийн үндсэн зорилго болох дэлхийн хүмүүсийг нэгтгэх, хэлхээ холбоотой байлгахын ач холбогдол, хүч чадлыг онцолжээ.

“Энэ бол дарангуйлал, дангаарчлал, үндсэрхэг үзлийн эсрэг зогсох эрх чөлөө, нээлттэй байдал, дэлхий нийтийн нэгдмэл хүч юм. Мэдлэг, худалдаа арилжаа, цагаачлалын урсгалыг саатуулах гэсэн хэн бүхний эсрэг үйлчлэх хүч” гэж хэлэхдээ Дональд Трампын нэрийг дурдаагүй юм.

Тэрээр илтгэл тавихаасаа өмнө өөрийн Фэйсбүүк хуудсандаа хүндэт докторын батламж барьсан зургаа оруулж, хуучин амьдарч байсан дотуур байраараа зочилж байгаагаа шууд дамжуулжээ.

 

Эх сурвалж: CNN.com