Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 1-нд “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг багачуудад танилцуулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Монгол хүүхдүүд” сэдэвтэйгээр хүүхдийн баярын үйл ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 11:00-16:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. 

Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дарга Ж.Дамдинцэрэн "Энэ удаагийн “Монгол хүүхдүүд" баярын үйл ажиллагаа нь Монгол хүүхдүүдийн оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх онцлогт нийцсэн Оньсон наадгай, Шагайн наадгай, Хөлөгт наадгай, Ээдрээ тайлах наадгай, Өрж эвлүүлэх наадгай, Эрийн гурван наадгай зэрэг Монголын уламжлалт 15 төрлийн 3,000 гаруй эрт үеэс уламжлагдан ирсэн тоглоом наадгайг хүүхэд багачуудад танилцуулах зорилготой.

Мөн эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хамтдаа тоглох, түгээн дэлгэрүүлэх, тухайн төрлийн Монгол контентыг бий болгож Соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах чиглэлийг баримталж ажиллана. 

Сүхбаатарын талбайгаа бид дөрвөн хэсэгт хуваасан байгаа.

  • А хэсэгт нь төв тайз болон хүндэт зочид
  • B хэсэгт уламжлалт тоглоом наадгай,
  • С хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагууд
  • D хэсэгт худалдаа үйлчилгээний хэсэг тус тус байрлана " гэлээ. 

Түүнчлэн энэ удаагийн баяраар уламжлалт 15 нэр төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын тоглоом наадгайг нь сайн мэддэг 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг хүүхэд багачуудад зориулан шинээр гаргаж байгаа юм. 

Зарим томоохон аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнээс үнэ төлбөргүйгээр хүүхдүүдэд тараах болно.

Тухайлбал, Монголын Сүүний Холбооноос 10,000 хүүхдэд сүү тараг тарааж, ТЭСО ХХК нь хүүхдэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж азтан тодруулна.

Мөн “Монгол Контент” ХХК-иас “Маамуу” брэнд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан хүүхдийн оролцоотой үйл ажиллагааг зохион байгуулах ажээ. 

Хүүхдийн баярын арга хэмжээг МҮОНТВ, UBS телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулалт хийнэ.