Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэдээ бэлэг авч өгөхдөө хүнсний бүтээгдэхүүний хугацааг шалгаж байхыг зөвлөлөө

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хүүхдийн баяртай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Нийслэлийн есөн дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийжээ.

"Аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүнийг зөв хадгалж худалдаалдаг болсон байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

НМХГ-ын Эрүүл Мэнд Боловсрол Судалгаа Хяналтын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Одоогийн байдлаар хяналт шалгалтын ажил үргэлжлэн явагдаж байгаа.

Шалгалтын хугацаанд нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчилтэй байсан газруудад улсын байцаагчийн заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1,565,710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авсан.

Ингэснээр чанаргүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, хордлого халдвараас сэргийлэх арга хэмжээ авч ажилласан байна.

Энэ жилийн хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн ч урд оны мөн үетэй харьцуулахад бага байна. Энэ нь иргэд хүнсний бүтээгдэхүүнийг соёлтэй хэрэглэх, аж ахуйн нэгж, байгууллага бүтээгдэхүүнийг зөв хадгалж худалдаалдаг болсонтой холбоотой” гэв.

Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнүүдээс 69 нэр төрлийн, 1,444,910 төгрөгийн бүтээгдэхүүн нь хугацаа хэтэрсэн байжээ. /Үүнд: Ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кисель, чоко пай, резинэн чихэр, модтой чихэр, тоглоомтой чихэр/

"Эцэг эхчүүд бэлгийг задалж, доторх бүтээгдэхүүнийг шалгаж үзэх бүрэн эрхтэй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

НМХГ-ын хүнсний чанар стандартыг хариуцлсан улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг "Эцэг эхчүүдэд бэлгийг задалж, доторх бүтээгдэхүүний он сар, орц найрлагыг нэг бүрчлэн шалгаж авах эрх бий.

Хүүдэдээ бэлэг сонгохдоо ямар ямар бүтээгдэхүүнүүд орсон, түргэн гэмтэх бүтээгдэхүүнүүд орсон эсэхийг шалгаж үзэх бүрэн эрхтэй.

Тиймээс нэг бүрчлэн орц найрлага, хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн он сар өдөр зэргийг сайтар шалгаж авахыг зөвлөж байна" гэв.

Зөрчилтэй бүтээгдэхүүнүүд

Гэрэл зургийг Mpa.mn

Зөвлөмж
  • Боосон бэлэг дотор байгаа хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааг нэг бүрчлэн үзэж шалгах Хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгыг унших боломжгүй, эргэлзээтэй бүтээгдэхүүн сонгохгүй байх.
  • Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа шүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80 гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
  • Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
  • Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
  • Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчийн хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
  • Гадаа аагим халуун болж, агаарын хэм +31 хүрч байгаа энэ үед худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа хадгалахгүй байх.
  • Хүүхдүүдийг хөдөлгөөнт автомат тоглоом дээр тоглуулахдаа аюулгүй байдлыг бүрэн хангуулах буюу хувь хүмүүсийн баталгаагүй, зориулалтын бус тоглоом дээр тоглуулахгүй байх.
  • Нарны хурц туяанаас хамгаалж, малгай, нарны хаалт тогтмол хэрэглэх, наршихаас хүүхдүүдийг хамгаалах.
  • Хүүхдийг гадаа тоглосны дараа болон гаднаас орж ирсний дараа даруй гарыг савандаж угаалгах.
  • Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхдэдээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраас, хадгалах хугацаа дууссан эсэх хадгалалтын горим зөв явагдаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
  • Гудамж талбайд ил задгай худалдаалж буй жимс, чихэр, бэлэг зэргийг худалдан авахгүй байх.
  • Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг анхааруулж байна.