Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголбанкны валютын нөөц 2020 онд ДӨРВӨН тэрбум ам.долларт ХҮРНЭ”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тавдугаар сарын 25-нд буюу өчигдөр манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орохоор болсон. Хөтөлбөрийн нэг үндсэн чиглэл нь Монголбанкны засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангахaд чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийх юм.

Манай улсын валютын нөөц ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хангалттай хэмжээнд нэмэгдэхээр төлөвлөгджээ. Валютын нөөц гэдэг улс орны мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байхад чухал нөлөөтэй байдаг. 

Энэ талаар Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа "Монгол Улсын гадаад валюын нөөц одоо 1.2 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Энэ нь импортын хоёр сарын хэрэгцээг хангах түвшинд байна гэсэн үг. 

ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу валютын нөөц аажмаар нэмэгдэж энэ оны эцэс гэхэд 1.6 тэрбум ам.доллар, 2020 он гэхэд 4 тэрбум ам.доллар буюу импортын 6.7 сарын хэрэгцээг хангаж өснө гэсэн таамаглалыг хийсэн байгаа" гэв.

Банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийнэ

Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил тус банкнаас гаргасан хэвлэлийн мэдээллийг танилцуулав.

Хэвлэлийн мэдээлэлд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд “Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төв банкны бие даасан, хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан орчныг бүрдүүлэх, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд банкинд хүндрэл үүссэн үед асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх боломжийг дээшлүүлнэ.

Банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг (AQR) хийх бөгөөд ингэснээр банк, санхүүгийн системийн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, улмаар санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлох боломжтой болох юм.

Банкны системийн эрүүл, найдвартай үйл ажиллагаа нь цаашид хувийн секторын дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлэх болно” гэдгийг онцоллоо.

Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт 5.5 тэрбум ам.долларын хэмжээтэй санхүүжилтэд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын байгууллагуудаас гадна Япон, БНХАУ, БНСУ зэрэг хоёр талт хамтын ажиллагааны орнууд дэмжлэг үзүүлэхээр болсон билээ.