Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Номура Тадахиро: Айдас гэдэг ганцаардалтай хийх тэмцэл юм

Б.Даваахүү
2017 оны 5 сарын 26
Монголын мэдээ
 

Атланта, Сидней, Афин гэсэн гурван удаагийн олимпоос жүдо бөхийн төрөлд дараалан алтан медаль хүртсэн Японы алдарт тамирчин Номура Тадариогийн “meiko-community.jp” сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Тэрбээр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж байсан бөгөөд энэхүү ярилцлагад өөрийн амьдрал хийгээд спортын туршлага, гэмтэл бэртлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлжээ.

-Та гурван олимп дараалан медаль хүртсэн. Тэднээс хамгийн дурсамжтай, басхүү сэтгэлд тод үлдсэн олимп аль нь вэ?

-Анхны юм бүхэн дурсамжтай байдаг шүү дээ. 1996 оны Атлантагийн олимпт хамгийн анх эх орноо төлөөлөн оролцсон юм. Тэр үе санаанаас огт гардаггүй. Тэгэхэд, заавал медальд хүрэх ёстой гэсэн зорилгыг өөртөө тавьж байсан. Харин миний эргэн тойрны хүмүүс төдийлөн их найдвар тавиагүй юм билээ. Гэтэл 2000 оны Сиднейн олимп эсрэгээрээ байсан. Олон нийтийн дунд алтан медаль авчхаасай гэсэн хэт их хүлээлт үүсчихсэн байв. Тухайн үед би ч сэтгэл санаа, бие махбодын бэлтгэлээ сайн хангасан учраас өрсөлдөөн ширүүхэн ч, хүссэн амжилтаа үзүүлж чадсан. Хамгийн хэцүү нь гурван жил сэтгэлзүйн дарамт, айдастай тулгарсан. Түүнийгээ даван туулахын тулд “Энэ хүртэл яах гэж жүдогийн спортоор хичээллэсэн билээ дээ.

Ирээдүйд өөртөө итгэлтэй, хүссэн зүйлээ нүүр бардам хийхийн тулд эхлээд хоёр олимп дараалан медаль хүртэх хэрэгтэй. Ингэвэл сэтгэл амар зодог тайлж чадна” гэх үгийг өөртөө хэлж зоригжуулж байлаа. Сиднейн олимпын дараа харин өөрөөсөө “Үнэхээр жүдогийн спортоос зодог тайлах гэж үү” хэмээн асууж, бодлоо цэгцлэхийн тулд жүдогоос хэсэгтээ хөндийрсөн. Хоёр жил орчим завсарлаад жүдогийнхоо дэвжээнд эргэн ирж байлаа. Тэгээд л дахиад нэг удаа олимпын медаль хүртэхийн тулд шаргуу хичээллэсэн. Олон ч бэрхшээл тулгарсан. Тэр бүрийг даван туулсны эцэст 2004 оны Афины олимпоос гурав дахь медалиа зүүсэн юм. Афин миний хамгийн их зорьж, хүсэн хүлээсэн олимп байсан. 

-Олон нийтийн дунд үүссэн хүлээлт, анхаарал, хайр энэрлийг даана гэдэг тамирчин хүний хувьд хамгийн хэцүү юм шиг санагддаг?

-Ерөнхийдөө хийх ёстой зүйлээ сайн хийхийн нэр шүү дээ. Зарим хүмүүсийн ярьж хэлдэг зүйл практикт ямар ч учир утгагүй байдаг юм шиг санагддаг. Миний хувьд ялалт байгуулахын тулд бэлтгэл сургуулилтаас гадна тоглох, сургуулилт хийх гээд ер нь хүний бүхий л үйл ажиллагаа ялж, ялагдахтай холбоотой байдаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бусад хүмүүсээс бага хугацаанд бэлтгэл хийж байсан учраас намайг зарим нь “бэлтгэл хийх дургүй, залхуу” гэлцдэг байсан. Гэхдээ тоо хэмжээнээс илүү чанарыг чухалчилж байснаараа би одоо ч бахархдаг. 

-Номура, та өөрийнхөө зан чанарыг тодорхойлохдоо “Чалчаа” гэсэн байсан. Олимп, тэмцээн уралдаанд оролцохдоо огт айдаггүй гэсэн үг үү?

-Тэмцээний өмнө байнга л айдас мэдрэгддэг. Хэрвээ би ялагдчихвал юу болох бол гэж бодохоор тэмцээний өмнөх өдөр нойр хүрдэггүй юм. Олимпт гурван ч удаа оролцсон атлаа л энэ зуршлаасаа салж чадахгүй байна. Жинхэнээсээ ялагдчихвал өдий хүртэл хичээж зүтгэж ирсэн хөдөлмөр талаар болох учраас айх нь мэдээжийн хэрэг.

Би тэмцээнд ялсны дараах өөрийгөө төсөөлөн бодож, сэтгэлзүйн бэлтгэл хийдэг. Энэ тухай бодохоо боливол айдас над руу аажмаар мөлхөн ирнэ. Айхгүйгээр жүдо барилдвал уг нь сэтгэл амар юм даа гэж та бодсон уу. Хэдийгээр би хэт их чалчдаг байж магадгүй ч, юу хийх ёстой, юуг ухамсарлах хэрэгтэй вэ гэдгээ мэднэ. Айдсаа даван туулахын тулд бэлтгэлээ маш сайн хангаж чадсан гэдэгтээ итгэдэг. Тэмцээнд оролцох хүн нь би. Өөр хэн ч биш. Тиймээс айдас гэдэг ганцаардалтай хийх тэмцэл юм. 

-Нэг удаа жүдогийн спортоос зодог тайлах тухай бодож байсан гэж та дээр хэлсэн шүү дээ. Тэгсэн атлаа 40 нас хүрчхээд байж жүдогийн дэвжээнээсээ холдож чадахгүй байгаа шалтгаан чинь юу юм бэ? 

-Сиднейн олимпын үеэр хэдий нас ахисан ч, үргэлжлүүлэн барилдсаар байгаа нэг тамирчныг олж харсан юм. Тэгээд “Яагаад өдий хүртэл жүдог орхиогүй юм бол. Аварга болсон бол хангалттай шүү дээ” гэж бодож байв. Харин хоёр дахь олимпоос медаль хүртсэнийхээ дараа зодог тайлах тухай бодож эхэлсэн. Гэтэл Афины олимп болохын өмнө “Зодог тайлна гэх бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй” гэж бодох болсон. Жүдогийн хөнгөн жинд тамирчны амьдрах хугацаа маш богино байдаг шүү дээ. Угаасаа тухайн үед ч гэсэн нийгэмд “Номура одоо зодог тайлах болсон” гэх яриа ч гарч эхэлсэн байсан юм.

Жүдог гэх сэтгэл оршсоор байсан учраас “Эд чинь одоо юугаа ярина вэ” гэсэн хор шар хөдөлж билээ. Дөрөв дэх нь Бээжингийн олимп байлаа. Олимпт оролцох жудочдын сонгон шалгаруулалтад баруун өвдөгний үений холбоос тасарсан байсан ч гэсэн сургуулилтаа үргэлжлүүлж байв. Гэвч гэмтлийн нөлөөгөөр Бээжингийн олимпт оролцож чадаагүй. Ингэж миний дөрвөн олимпт оролцох мөрөөдөл талаар болсон ч, хүсэл мөрөөдлөө орхихыг хүсээгүй юм даа.

-Та жүдочдын гэр бүлд төрсөн. Гэр бүлийн ямар орчинд өсөж, хүмүүжсэн бэ? 

-Өвөө маань “Хотокүкан” гэх дэвжээг нээж байсан. Харин аав Тэнри ахлах сургуулийн жүдо бөхийн дугуйлангийн багшаар олон жил ажилласан бол авга ах Мюнхэний олимпоос алтан медаль хүртэж байсан удаатай. Өвөө ч, аав ч жүдочдын гэр бүл гэдэг утгаар аливаа дарамт шахалт үзүүлэлгүй өсгөсөн. Намайг заавал жүдогоор хичээллэх хэрэгтэй гэж хүчээр шахаж байгаагүй учраас эхэндээ би усанд сэлэлт, бейсболоор хичээллэж байсан. Сургуульд ч сурч билээ.

Аав надад шууд жүдо заах боломж маш бага учраас жүдо цэвэр миний өөрийн сонгосон зам байсан. Надад маш олон сонголтыг бүтээж өгсөн эцэг эхдээ үнэхээр их баярладаг. Тэд маань надад бүхнээ зориулдаг байсныг өөрөө эцэг болсон хойноо л ухаардаг юм байна. Хоёр хүүхдэдээ ч гэсэн өвөө эмээ нь надад яаж ханддаг байсан яг түүн шиг өөрсдийнх нь дуртай зүйлд нь урам өгч, янз бүрийн туршилт хийхэд нь туслахыг эрмэлздэг. Бас эцэг хүнийхээ хувьд нэг л зүйлд бүхнээ зориулах хэрэгтэй гэдгийг хүүхдүүддээ өөрийн биеэр үлгэрлэж харуулахыг хүсдэг.

-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамгийн чухал зүйлийн талаар та өөрийн туршлагаасаа бидэнд хуваалцаач? 

-Намайг амжилт гаргаж эхлэх тэр үед хүмүүс “Номурагийн мэх их уран ” гэж ярьдаг байлаа. Гэтэл дунд, ахлах сургуульд байхдаа би хэчнээн хичээгээд ч амжилт гаргаж чаддаггүй байсан юм. Үеийнхнээсээ нуруу нам, туранхай байж билээ. Ойр тойрны хүмүүс сул дорой гэж шоолдог байв. Тухайн үед эцэг эх минь надад санаа тавьдаг байсан ч, тэд ч гэсэн надад тийм их найдвар тавьж байгаагүй болов уу гэж боддог. Хэнд ч ялагдахгүй, тэднээр бахархуулахын тулд хамгийн дуртай жүдогоороо үргэлжлүүлэн хичээллэсэн. Надад авьяас чадвар байсан учраас тэр авьяасаа хөгжүүлнэ гэсэн итгэл бас хүсэл байсан.

Яг үүн шиг олон жил зарцуулсан ч хамаагүй мөрөөдлийнхөө төлөө зүтгэх л хэрэгтэй. Азаар би багаасаа жүдогоор хичээллэсэн юм даа. Тиймээс залуустаа хандаж, заавал өөрийнхөө дуртай зүйлээ олж, хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө бүхий л чадлаараа хөдөлмөрлөх л хамгийн чухал юм шүү гэдгийг хэлмээр байна. Спортод хичээл сургуулилт, хөдөлмөргүйгээр амжилт гаргана гэж байдаггүй юм.

Зураг