Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Хятад иргэд визтэй зорчино

Н.Пунцагболд
2017 оны 5 сарын 26
Монголын мэдээ

Энэ долоо хоногийн онцлох сэдвүүдийн талаар хэн юу хэлэв...

С.Баяр: Н.Энхбаярын ярилцлагыг үзсэн, хачин л юм билээ

 

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяр маш олон сэдвээр хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгууль болоод МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой сэдвүүдээр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Надтай ярихаар Энхбаярыг, Энхбаяртай ярихаар намайг ёс юм шиг асуудаг болоод удлаа. Заримдаа ч залхмаар. Гэвч тодорхой асуусан учраас би тодорхой хариулъя.

Хүмүүс над руу утасдаад “Энхбаяр таны тухай аймаар, аймаар юм ярьсан шүү” гэсэн. Би “Ам нээвэл...” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг нь Ютүүбээс татаж үзсэн. Хачин л юм билээ. Төрийн том сэнтийд сууж байсан хүн гэхээргүй арай л задгай зайдан ярьж байна билээ. Ганц Оюу толгойн гэрээ гэлтгүй, намайг дэмжиж дарга болгосон тухай, долоон сарын 1-ний хэрэг явдалд өөрөөс нь бусад бүх хүн буруутай тухай, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль намын удирдлагын уршгаас болж амжилтгүй болсон тухай гэхчлэн өөр олон хүнийг хамарсан, өөр олон сэдвийг хөндөөд байсан.

Уур бухимдалтай, сэтгэл санааны хувьд ихээхэн тогтворгүй байсан учраас тэр үү, эсвэл ерөөс ингэж ярьдаг болсон юм уу, илэрхий худлаа, огт авцалдаагүй үг амнаас нь унаж байх юм. Жишээ нь, Оюу толгойд манай эзэмших хувийн тухай асуудал байна. Энхбаярын ярьснаар бол, тэр намайг дуудаад л, Монголын тал 51 хувьтай байна шүү, нөхөөр, гэж захиж анхааруулжээ. Тэгтэл Монголдоо хайргүй би бээр түүнийг хуурч мэхлэн 34 хувь болгосон гэж ойлгохоор. Гэтэл бид хоёрын хооронд ийм яриа огт болоогүй. Болох ч үндэсгүй. Үүнийг хоёр том дарга яриад шийддэг ч юм биш. Энэ асуудал яриагаар биш хуулиар зохицуулагддаг” хэмээн ярьжээ.

Ц.Мөнх-Оргил: Хятад иргэд визтэй зорчино

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед давхар иргэншилтэй холбоотой асуудал нэлээд анхаарал татаж эхэлсэн. Гадаадад төрсөн монгол хүүхдэд давхар иргэншил олгохоор яригдаад байгаа. Үүнийг дагаад Хятадын иргэд Монгол руу визгүй зорчино гэсэн явган мэдээлэл ч газар авсан. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улсын харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байгаа.

Хуулийн төслөөр удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна, холбогдох хүмүүсийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-д өргөн барих юм. Хуулийн төсөлд суулгах өөрчлөлт нь зөвхөн Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд хамаарах юм. Жишээ нь, АНУ-д Монгол аав, ээжтэй хүүхэд төрдөг. АНУ хөрсний зарчмаар буюу хуулиараа өөрийн иргэн болгочихдог. Гэтэл Монгол Улс давхар иргэншилтэй болгохыг зөвшөөрдөггүй учраас хуулиараа АНУ-ын иргэн болоод үлддэг юм. Ийм төрлийн маш олон тохиолдол бий.

Өмнө нь ийм тохиолдол цөөхөн байсан. Яагаад гэвэл монголчууд ийм олноороо гадаадад ажиллаж амьдардаггүй байлаа. Өөрөөр бол давхар иргэншлийн асуудал Монгол Улсын хуулиар хаалттай байдаг. “Олон зуун мянган Хятад иргэн орж ирэх гээд байна” гэсэн мэдээлэл сошиалд цацагдсан. Түүнийг би уншсан. Гэхдээ энэ мэдээлэл худлаа. Энэ бол улс төрийн зорилготой бусдын анхаарлыг өөр зүйлд сарниулах гэсэн оролдлого.

Давхар иргэншлийн эрхийг гадаад улсын иргэдэд өгөхгүй. Зөвхөн монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд өгөхөөр хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байгаа. Сошиалаар Хятад иргэдэд давхар иргэншил олгох гэж байна гэх мэтийн зүйл “сэвж” байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Миний мэдэхээр БНХАУ болон Казакстанд давхар иргэншлийг хуулиараа зөвшөөрдөггүй. Тэгэхээр Хятад улсын иргэн давхар иргэншил авах бололцоо байхгүй. Дээр нь бид тийм асуудлыг огт яриагүй.

Хятад иргэн Монгол Улсад орж ирнэ. Гэхдээ орж ирэхдээ ном журмын дагуу виз аваад орж ирнэ. Энэ дэглэм өөрчлөгдөхгүй” хэмээн ярьжээ. 

Т.Аюурсайхан: Тухайн үед сайдаар ажиллаж байсан зарим хүнийг шалгуулна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, Монголбанканд шалгалт хийсэн билээ. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ярилцлага өгчээ. Тэрбээр “Монголбанкны алдагдал 2012 оноос эхэлж хуримтлагдсан байдаг. Жишээ нь, 2011 онд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос 280 тэрбумын алдагдалтай болсон юм билээ.

Ингэж явсаар 2016 онд жилийн 1.6 их наяд болж нийт гурван их наяд төгрөгийн алдагдалтай болсон байна. Энэхүү алдагдлыг хуулиар төсвөөс хаадаг. Ингэхдээ Засгийн газар үнэт цаас гаргадаг. Татвар төлөгчдийн халааснаас гарна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал үүссэн. Ажлын хэсэг үүнийг нягтлаад юунаас болов гээд шалгаад үзэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотойг тогтоосон.

Монголбанкны үйл ажиллагааг Төв банкны тухай хуулиар маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл хуульд заагаагүй арга хэмжээг хэрэгжүүлсэн, түүнээс давсан үйл ажиллагаа явуулсан, зөрчсөн, бодлогын уламжлалт бус арга хэмжээг явуулсан байгаа юм. Үүний нэг нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”. Хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийг зах зээлд маш бага хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Үүнээс 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоосон.

Шатахууны компаниудад их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгохын зэрэгцээ тухайн үеийн валютын ханшаас 300 төгрөг хүртэлх доогуур ханшаар өгсөн байгаа юм. Үүний улмаас төрд 480 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Тэдгээр хөтөлбөрийг харахад хэрэгжүүлэх ямар ч үндэслэлгүй байсан. Шатахуун дээр ярихад дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ тогтмол буурч ирсэн байдаг. 2012-2016 онд гэхэд дөрөв дахин буурсан. Үүнтэй холбогдуулж Монгол Улс руу орж ирж байгаа шатахууны хилийн үнэ гурав дахин буурсан байдаг. Гэтэл шатахууны компаниуд нэг ч төгрөгөөр үнээ бууруулаагүй.

Татварын албанаас авсан мэдээллээр шатахууны импортлогч компаниудын ашиг энэ хугацаанд гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй. Гэвч нөгөө талд нь төр их хэмжээгээр хохирчихсон. Их хэмжээний нийлүүлэлт хийчихээр валютын ханш огцом өсөөд төгрөгийн худалдан авах чадвар огцом суларчихсан. Гэтэл үүнийгээ засахын тулд валютын интервенц хийчихсэн. Өнгөрсөн хугацаанд нийт долоон тэрбум ам.долларын валютын интервенц хийсний уршгаар нөөцөө шавхчихсан байгаа юм.

Үр дүнд нь зах зээлд маш олон эрсдэлийг бий болгосон. Нийт илүүдэл мөнгөө буцааж татахын тулд Төв банкны үнэт цаас гаргасан ч түүнийхээ хүүд маш их зарлага гаргасан. Үүнээс гадна своп, форвард хэлцлүүдийг өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудтай байгуулсан байдаг. Үүний алдагдал гэхэд 1.7 их наяд төгрөг байгаа. Уг нь своп, форвард хэлцлээс Монголбанк алдагдал хүлээх үндэслэлгүй. Тийм болохоор тухайн үед ажиллаж байсан зарим сайдуудыг шалгуулна” хэмээн ярьжээ.

 

Зураг