Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп ба Европчуудын тулаан үргэлжлэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бельгийн нийслэл Брюссель хотод NATO-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг тойрсон дуулиан тасрахгүй байна.

“Нэгдүгээрт Америк” гэсэн аминчхан бодлогоор Европын түншүүдээсээ зай бариад байгаа Трамп өчигдөр Европын Холбооны удирдагч нартай уулзахдаа Герман улсыг онцлон ширүүн дайралт хийсэн тухай Германы хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр Америктай тэнцвэргүй худалдаа хийж байгаа Германыг “муу, маш муу” улс гэж цоллосноос гадна АНУ-д Герман автомашин худалдаж авахыг зогсооно гэж сүрдүүлсэн байна. Трамп бас Мексикт үйлдвэрлэсэн BMW компанийн машинуудыг Америкт нэвтрэхэд 35 хувийн импортын татвар ноогдуулна гэж айлгаад үйлдвэрээ АНУ-д шилжүүлэхийг шаарджээ.

Европын удирдагч нар Дональд Трампыг АНУ-Европын Холбооны худалдааны бодлогын талаар муу мэдлэг, мэдээлэлтэй байгааг ойлгосон гэнэ. Гэсэн хэдий ч Евро Комиссийн тэргүүн Жан Клод Юнкер Германыг хамгаалсан байр сууриа нөхөрсөг, бас хатуу өнгөөр илэрхийлснийг Der Spiegel, Suddeutsche Zeitung хэвлэлүүд эх сурвалжаас мэдээлжээ.

Трамп ба Европын зөрчил үүгээр дууссангүй. Өчигдөр NATO-гийн гишүүн орнуудын тэргүүнүүд бөөндөө зураг авхуулах үед тэр Монтенегро улсын ерөнхий сайдыг түлхэж холдуулаад тэргүүн эгнээнд гарч зогссон нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ.

Өчигдөр мөн Францын шинэхэн ерөнхийлөгч Эманнуэл Макрон Трамптай уулзахдаа ер бусын ширүүнээр гар гараа барилцсан нь тэдний зөрчлийг тод харуулсан байна. Макрон Трампын гарыг тавихгүй удаан, чанга сэгсэрсэн нь тэднийг гар барилдаан хийж байгаа мэт харагдуулсан гэнэ. Өрөөнд байсан гэрч “Тэд маш удаан гар барилцсан. Хоёул мэдэгдэхүйц чанга атгаж байсан тул тэдний гар цайж, шүдээ зуун, нүүр нь улайсан байсан” гэжээ.

Эх сурвалж: Quartz