Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хоцрогдсон баярын “амтгүй цэс”-ээ больчихооч

Л.Ганчимэг
2017 оны 5 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Хүний амьдралын бүхэл бүтэн хоёр үеийн туршид огт өөрчлөгддөггүй дадал зуршил гэж бас байх юм. Энэ нь дэвшилттэй сайн зүйл бол яая гэхэв. Гэтэл ямар ч үр ашиггүй, хоцрогдсон зүйлийг бусад хүүхэд ч гэсэн ингэдэг учраас хийж байгаа нь утгагүй.

Хонхны баярыг их, дээд сургууль болон ерөнхий боловсролын дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүд эрдмийн баяр гэдэг утгаар нь хөнгөхөн тэмдэглэх нь зөв гэж дийлэнх эцэг, эхчүүд үздэг юм билээ. Харин энэ арга хэмжээ мөнөөх баярлуулахыг хүсээд байгаа хүүхдүүддээ ямар сэтгэгдэл үлдээдэг бол. Хонхны баярын хөтөлбөр бүх сургуульд ижилхэн.

Хонхны баярын өглөө сургуулийн үүдэнд нэгдсэн журмаар нээлт хийж, захирал болоод уригдсан албаны хүмүүс үг хэлээд сурлага, урлаг, спортоороо тэргүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулдаг. Дараа нь нээлттэй хичээлд орно. Ингээд аав ээж, найзууд, багштайгаа, ангиараа гээд хэд хэдэн зураг татуулах нь энэ өдрийн гол үйл явдал гэлтэй.

Өглөөнөөс үд хүртэл иймэрхүү маягаар бужигнаж байгаад баярын цайллагадаа орохын тулд Зайсан толгой, Д.Сүхбаатарын талбай, Гандан гэдэг чиглэлээр замын түгжрэл үүсгэн сүр дуулиантай зорчино. Олон сургууль нэгэн зэрэг хонхны баяр хийж байвал төдий чинээ замын хөдөлгөөн түгжрэх нь ойлгомжтой. Уг нь хүүхдүүд Зайсан толгой, Д.Сүхбаатарын талбайн хаана юу байдгийг андахгүй мэднэ. Гандангаар ч жилдээ 1-2 удаа орчихдог.

Гэтэл хонхны баяраар заавал ийм чиглэлээр зорчихын хэрэг юун. Энэхүү маршрутаар ангиараа автобусанд сууж зорчоод, хамтдаа зоог барьснаа хожим хойно нь хонхны баярын дурсамжтай үйл явдлаар нэрлэдэг нэг ч төгсөгч байхгүй. Нэг ч шинэ зүйл байхгүй, ямар ч өөр мэдрэмж төрөөгүй зүйлийг хэн дурсах вэ дээ.

Би хонхны баяраараа автобусанд сууж Зайсан толгой орж зургаа авхуулсан. Тэгээд Д.Сүхбаатарын талбай, дараа нь Гандангаар орж хийморио сэргээж билээ” гээд хэн нэг нь дурсаж суувал хүүхэд нохойн доог болохоос биш “Энэ хүн хонхны баяраа дурсамж дүүрэн тэмдэглэсэн юм байна шүү дээ” гэдэг сэтгэгдэл огтхон ч төрөхгүй. Хонхны баярыг хоцрогдсон аргаар “амтгүй цэс”-ээр хачирлан тэмдэглэдэг учраас тэр.

Тэгээд ямар ч шинэ орц үгүй атал зарцуулах мөнгө нь жилээс жилд өсөж хүүхэд, эцэг эхийг зөрчилдүүлдэг. Боломжтой айлын хүүхдүүдэд бол өнгө мөнгөө гайхуулах сайхан далим шалтаг. Бололцоогүй айлын хүүхдэд нүүрээ хийх ч газар олдохгүй гутамшигт өдөр болж хувирчээ, хонхны баяр. Саяхан “Их засаг” их сургуулийн харьяа лицейн төгсөгчид өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машины цуваа үүсгэсэн. Энэ нь олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн үйл явдал болсон гэхээсээ илүүтэй “баян, ядуугийн ялгааг харууллаа” гэдэг дургүйцлийг нийгэмд төрүүлэв.

Тэд үүнээс өөрөөр чухам яаж хонхны баяраа тэмдэглэж ямар дурсамжтай үлдсэнийг мэдэхгүй. Гэхдээ ерөнхий хөтөлбөр нь бусадтайгаа ижилхэн, магадгүй хувцас хунар, гоёл чимэглэлдээ чамлахааргүй хэдэн төгрөг зарцуулсан болов уу. Хонхны баяраар далимдуулан цуглуулсан фондын мөнгө ихэвчлэн анги засвар, багшийн бэлэг, ууж идэхэд л зарцуулагддаг. Дээрээс нь хувцас хунар, гоёл чимэглэл авна. Бусдын дор орохгүй гэсэндээ цаг зав гаргаж, мөнгө төгрөгөө зарцуулан байж авсан хувцас гоёлоо хэр удаан өмсөж зүүдэг бол.

Зарим охидын гоёл ганцхан удаа буюу хонхны баярын үдэшлэгт өмсөөд л шүүгээний буланд мартагдаж орхидог нь нууц биш. Хайран мөнгө, хайран цаг хугацаа. Бүтэн жил ярьж, хүсэж мөрөөдөж байж тэмдэглэсэн хонхны баяр нь нэг иймэрхүү. Хүн болгон ухаалаг утастай, түүгээрээ хүссэн үедээ ямар ч зураг дараад угаалгадаг болсон өнөө цагт ангиараа болон найз нөхөдтэйгөө зураг авхуулахын тулд хэт өндөр зардал гарган бүхэл бүтэн өдрийг зарцуулахын хэрэг юун.

Аав ээж, ах дүү нартайгаа гээд гэр бүлийн зургийн тухайд Цагаан сар, наадам зэрэг монголчуудын хувьд нэг гэр бүл байтугай ураг төрлөөрөө цуглардаг баяр олон. Харин хонхны баяраараа нийгэмд тустай сайн үйлсийн аян, эсвэл юу сурсан мэдсэнээ жинхэнэ утгаар нь тайлагнасан шиг тайлагнаж, ёстой “бут аваад” өгдөг болбол ямар вэ.

Зураг