Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чулуунбат: Эрүүгийн хуулиар хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлж өгч байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Эх орноосоо урвах гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тайван цагт эх орноосоо урвах үйлдэл манайд зөндөө гарсан

Тусгай албаны алба хаагчдын нийгэмлэгийн тэргүүн Б.Чулуунбат "2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Эрүүгийн хууль 2015 оны 12 сард батлагдсан. Хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хууль юм. Эх орноосоо урвах зүйл ангийг 2015 оны шинэчлэн найруулсан хуулиараа хассан байсан.

Бид энэ зүйл ангийг хасч болохгүй талаар санал тавьсан.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын тайлбараар эх орноосоо урвах зүйл анги хэвээрээ байгаа гэж яриад байгаа.

Үнэндээ бол хуулиндаа байгаа мэт боловч бодит байдал дээрээ үгүй хийчихсэн.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зөвхөн дайн болон дайн бүхий байдал, зэвсэгт мөргөлдөөний үед дайны талд шилжсэн, урвасан бол эх орноосоо урвасан гэж үзнэ гэж заасан.

Манай улс харьцангуй тайван байгаа. Дайн болон зэвсэгт мөргөлдөөний асуудал болох магадлал бага.

Гэхдээ тайван цагийн үед эх орноосоо урвах үйлдэл манайд зөндөө гарсан. Би тодорхой баримтаар тайлбарлая.

Өнөөдрийн байдлаар манай улсад эх орноосоо урвасан зүйл ангиар ял эдлэж байгаа хэд хэдэн хүн байгаа.

УИХ-ын гишүүн асан Батчимэгийн зөвлөх н.Пагамжав гэдэг хүн эх орноосоо урвах зүйл ангиар ял авсан.

Миний сонссоноор хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа гэж дуулсан. МАН-ын зөвлөх Даш-Ёндон гуайн дүү Дашдаваа төрийн тусгай хамгаалалтын газар хурандаа цолтой ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

Энэ хүний хүүхэд мөн тус зүйл ангиар ял авсан. Эдгээр хүмүүс 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх хуулиар ял завшина.

Хэн дуртай нь төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаадынханд өгөх юм бол 5-8 жилийн л ял оноодог. 

Эрүүгийн хуулиар хариуцлагаас мултрах боломжийг бүрдүүлж өгч байна.

Саяны батлагдсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн боловч оруулсангүй" гэлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцохыг хориглосон

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан "Энэ оны 05 дугаар 12-ны өдөр УИХ зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж баталсан.

Уг хуулийн 7.6.2-т согтуу хүмүүс, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцохыг хориглосон заалт орсон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 140 мянган төгрөгөөс илүү орлогогүй хүнд нөхцөлд амьдардаг.

Бидний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд төр засгийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг хичээж зорьж байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд зарим тохиолдолд жагсаал хийх, олон нийтийн өмнө үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай тулгардаг.

Тэгэхээр бидний эрхийг маш ноцтойгоор зөрчсөн заалт Зөрчлийн хуульд орсон байна" гэв. 
 
Тэд 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх Зөрчлийн хуульд орсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаалд оролцуулахгүй байх, Эрүүгийн хуулиар эх орноосоо урвасан гэсэн зүйл заалтыг тодорхой нэмэх талаарх шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Шаардлагын хариуг энэ сарын 30-ны өдрийг хүртэл хүлээж хариу ирэхгүй бол тэмцэл үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.