“Компьютер центр” оффис, худалдааны төв өнөөдөр Зуун айл дахь Дөлгөөн нуурын /баруун/ талд шинээр нээгдлээ.
Тодруулбал, манай улсын компьютер техник электроникийн зах зээлийн 85 орчим хувийг бүрдүүлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэгдэж, “Монгол Айти Таун” холбоо байгуулан, холбооноосоо энэхүү барилгыг барих ажлыг санаачилсан аж.
Квант сервис Компьютер худалдаа засвар үйлчилгээний төвийн захирал Ж.Отгонбаяр “Хуучин Компьютер ланд болон бусад газар худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хувь хүн, жижиг байгууллагууд нийлж өөрсдийн хөрөнгөөр энэ барилгыг бариулснаараа онцлогтой.
Өмнө нь бид дандаа түрээс төлдөг байсан бол өөсрдийн гэсэн худалдааны төвтэй болж, энэ асуудлаас салж байна. Түрээслэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж худалдааны төвтэй болж байгаа нь Монголдоо анхдагч юм. 60 орчим хүн нийлж энэ худалдааны төвийг бариуллаа” гэв.
Тус төв нь компьютер электроник, програм хангамж, технологийн чиглэлийн бүх үйл ажиллагааг цогцлоох зорилготой юм байна.
Mongol IT Town Холбооны тэргүүн Н.Батцэрэн “Энэ худалдааны төвийг хоёр жил гаруй хугацаанд барьж дуусгалаа. Мэдээллийн технологийн салбарын баялаг бүтээгч компаниудыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Бид сургуулиудтай нягт хамтарч ажилладаг. Барилгын хувьд ШУТИС-ийн Холбоо мэдээлэл, технологийн сургуулийн сургалтын бааз болгох төлөвлөгөөтэй байгаа.
Судалгааны ажлыг удирдах боловсон хүчин, дадлага хийх компаниуд бүгд бий. Тэгэхээр технологийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх лаборатори болж чадна гэж бодож байна” хэмээн тайлбарлалаа.
Гэрэл зургийг Mpa.mn