Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдүүд олон улсын Англи хэлний уралдаанаас алтан медальтай ирлээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Англи хэлний Олон Улсын ХИППО уралдаан явагдаж дүнгээ гаргалаа. 

ХИППО уралдааныг Английн боловсролын хамгийн том байгууллага Pearson ивээн тэтгэж зохион байгуулдаг бөгөөд энэ жил олон улсын хэмжээнд 5 дахь удаагаа явагдаж байна. Энэхүү уралдаан нь Pearson LCCI JETSET шалгалтын сэдвээр, гурван үе шаттай явагддаг бөгөөд эхний хоёр шат нь тухайн улсдаа, сүүлийн шат нь Италийн Венецийн Лидо ди Жесоло гэх далайн эргийн хотод боллоо. 

Манай улсын 20-иод сургуулийн 1,000 гаруй сурагч эхний шатанд сонсох, унших, бичих 3 чадвараар өрсөлдөж, 160 сурагч II шатанд, 6 сурагч III шатны шалгаруулалтад тэнцсэн юм. Ийнхүү Италид сүүлийн шатны уралдаанд оролцсон "Хобби" сургуулийн сурагч С.Анулэн, Б.Номин, "Орчлон" сургуулийн сурагч Ц.Тайхар, "Шинэ Монгол" сургуулийн сурагч Б.Мөнхтөр, сурагч Д.Анхбаяр нар ганзага дүүрэн олзтойгоор эх орондоо ирцгээлээ. 

Анх удаа оролцож байгаа энэхүү уралдаанаас С.Анулин Алтан медаль, Америкийн Миссоссури Их Сургуулийн харьяа Ахлах сургуулийн дипломтой төгсөхөд шаардагдах хичээлийг судлах эрх авав. Мөн Б. Номин 5-р байр, Ц. Тайхар 4-р байрт тус тус шалгарлаа.  Монгол хүүхдүүд Англи хэлний чадвараараа тив тивийн хүүхдүүдтэй өрсөлдөн амжилт гаргах бүрэн боломжтой нь тус уралдааны дүнгээс харагдлаа.