Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Эдийн засагт НОГООН ГЭРЭЛ аслаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдсантай холбогдуулан Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас яг одоо /2017.05.25-ны 14:00 цаг/ хамтарсан Хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/672907269561511/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"ОУВС-гаас 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар тун удахгүй орж ирнэ"

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголын цагаар өнөө өглөө 04:00 цагт хуралдаж хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай бөгөөд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэнэ.

Зөвхөн ОУВС-гаас 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих бөгөөд эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар тун удахгүй орж ирнэ. 

Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэснээс зээлжих зэрэглэл Caa1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг. 

Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж ажиллана. Эгзэгтэй үед биднийг дэмжсэн ОУ-ын түншүүддээ талархаж байгааг хүлээн авна уу. 

Мөн уужуу ухаан холч бодолтой, энэ хүнд үед Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж буй ард иргэддээ талархал илэрхийлье” гэв.

 "Өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно"

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч​ Нийл Сакер: “Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч болон мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр шийдэлд хүрч байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. 

Монгол Улсын хувьд тулгарсан хүнд нөхцөлд туслалцаа үзүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд хамтран ажиллахаар шийдсэн. 
Олон улсын хамтын нийгэмлэгийн нэг төлөөлөл нь ОУВС юм. Монгол Улс ОУВС-нд 1991 онд элссэн. ОУВС-нд нийт 181 гишүүн орон байдаг. 

Сангийн сайдын хэлсэнчлэн 10 цаг орчмын өмнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад Монгол Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авч баталлаа. 

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбоотойгоор ОУ-ын түнд байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк санал нэгдэн орж байгаад баяртай байна. 
Хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн бусад орнуудаас дэмжлэг авч чадсан нь хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй. 

Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл нийт 6 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт орно. 

ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн томдоо орж байна. 

Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байна. 

Мөн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно. Цаашид Монголын эдийн засгийг тогтвортой 8 хувиар өсөх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсад ийм өсөлтийг хангах нөөц, бололцоо бий.

Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг бууруулах нарийвчилсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Ойрын хэдэн жилдээ төсвийн алдагдал бууруулах зорилт биелнэ. 
Төсвийн алдагдлыг бууруулж байж өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. 

Тэгэхээр шат шатандаа шаардлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх ёстой. Нэн ялангуяа төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах хяналтын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

"Ядуу эмзэг бүлгийнхэнд татварын нэмэгдлийн ачааллыг үүрүүлэхгүй байхад анхаарч байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас Төсвийн зөвлөлийг байгуулж, татварын орчинд дүн шинжилгээ хийж, зардал нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдүүлнэ гэж төлөвлөсөн.

Хөтөлбөрийн дараагийн зорилго нь банкны системийг эрүүлжүүлэх, Монголбанкны хяналт шалгалтыг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх ажлууд хийгдэнэ. 
Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, тогтвортой банкны системийг бий болгож эдийн засгийн өсөлтийг хангах юм. Үр дүнд нь зээлийн хүү буурна гэсэн найдвар байна. 

Гуравдугаар тулгуур хэсэг нь нийгмийн эмзэг бүлгийн хамгаалалтыг бууруулахгүй байхад анхаарч байна. Энэ хүрээнд нийгмийн халамжийг аль болох зорилтот бүлэгт чиглүүлж, ядуу эмзэг бүлгийнхэнд татварын нэмэгдлийн ачааллыг үүрүүлэхгүй байхад анхаарч байна.

Монгол Улсын цаашдын ирээдүйн хувьд бид өөдрөг бодолтой байгаа. Тэгэхээр асар их баялагтай, эдийн засгаа солонгоруулах бусад нөөц байгаа учраас энэ бүх бололцоогоо ашиглахын тулд Засгийн газартай тохиролцсон энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна. Үүнтэй холбоотой ОУВС-гаас хийсэн томоохон тайлан байгаа. Удахгүй ОУВС-гийн вэб хуудаст тавигдана” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийг аваад эдийн засаг нь сэргээгүй улсууд байдаг гэх мэдээлэл бий. Ямар улсууд байдаг вэ. Яагаад эдийн засаг нь сэргэж чадаагүй вэ?

Нийл Сакер: Юуны түрүүнд хэлэхэд улс орон бүр өөрийн гэсэн нөхцөл байдалд хөтөлбөр хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засагтай холбоотой бүх асуудлуудыг нарийн тусгадаг. 

Түүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байнгын үнэлгээ хийдэг. Монгол Улсын эдийн засагт улирал тутамд үнэлгээ хийнэ. 

Үнэлгээ хийх явцдаа холбогдох өөрчлөлтүүдийг оруулаад явдаг. Үнэлгээ хийсний дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн бол ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. 

Дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн туршлагаас харахад Засгийн газрууд анх тохирсноороо хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсын хувьд бид өөдрөг үзэлтэй байгаа. 

Түрүүн хэлсэнчлэн бид маш том зорилтыг дэвшүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх боломжтой. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны зүгээс хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай хүнд боловч зоригтой шийдвэрүүдийг гаргаад явна гэдэгт итгэлтэй байна. 

-Хөтөлбөрийн эхний санхүүжилт 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

Нийл Сакер: Энэ хөтөлбөрийн мөнгө төсвийн алдагдалд шууд ордоггүй. Төлбөрийн тэнцэлд зориулагддаг. Тиймээс ОУВС-гаас эхний удаад олгох санхүүжилт Монголбанкны дансанд байршина. Ингэснээр Монголбанкны валютын нөөц нэмэгдэнэ.

Нөөц нэмэгдвэл эдийн засгийн итгэл сэргэж, зэрэглэл тогтоох байгууллагууд зэрэглэлээ нэмэгдүүлнэ. 

-Сангийн сайд эдийн засагт ногоон гэрэл аслаа гэж дүгнэлээ. Яг ямар үндэслэлээр ингэж дүгнэж байгаа вэ?

Б.Чойжилсүрэн: Хоёрдугаар сарын 16-ны өдөр энэ зааланд бид хөтөлбөр тохирсон тухай мэдээлэл хийсэн. Түүний дараа бид ОУ-ын санхүүгийн зах зээл дээр гарч Хөгжлийн банкны бондыг Засгийн газрын бондоор сольсон. 

Хоёрдугаарт, Канадын Торонто хотод Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдын итгэл огцом сэргэсэн байсан. Энэ мэтчилэн Монголын эдийн засагт ногоон гэрэл ассан гэдгийг төлөөлүүлж хэлсэн юм.

-Банкуудад активын үнэлгээ хийнэ гэсэн. Энэ хяналт, шалгалт явагдсан уу?

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: 14 арилжааны банканд үнэлгээ хийх компанийн тендер явагдаж байна. Зургаадугаар сарын дундуур сонголтын процессоо дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр  ажиллана. 

Үнэлгээний үр дүн 2017 оны аравдугаар сарын сүүлээр гаргана. 

Банкны системийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байхаас 18 хувь байна. 

Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой. Одоо 40 хувь байгаа. Ерөнхийдөө систем эрүүл байна гэж хэлнэ.


2017.05.25-ны өдрийн 09:35 цагийн мэдээлэл

Монгол Улсыг ОУВС-гийн хөтөлбөрт ХАМРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлийн хурал өчигдөр шөнө буюу Вашингтоны цагаар тавдугаар сарын 24-ний өдөр болж Монгол Улсыг "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т /EFF/ хамруулах шийдвэр гаргажээ. 

Энэ талаар ОУВС-гийн албан ёсны вэб сайтад хэвлэлийн мэдээ дөнгөж сая нийтлэгдлээ. 

Хэвлэлийн мэдээнд Монгол Улсад гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 434.3 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл өгнө гэжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрт зарцуулагдана. 

Мөн хандивлагчид болох Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, Солонгос, БНХАУ-ын тусламжаар нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэж байгаа тухай мэдээлсэн байна. 

Дээрх санхүүжилтүүд Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулагдаж байна. Засгийн газраас өнгөрсөн жилээс эхлэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж эхэлсэн билээ. Энэ ажил удаан хугацаанд үргэлжилж өнгөрсөн шөнө биеллээ оллоо. 

 

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр 14:00 цагаас зохион байгуулагдана.