Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн ханш тогтворжсон шалтгаан

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш гуравдугаар сараас хойш харьцангуй тогтворжсон ч 2,100 байсан ханш 2,400 рүү хүрсэн гэх шүүмжлэл бий. Гэхдээ бодит нөхцөл байдалд ханш эдийн засгийн суурь хүчин зүйлтэйгээ нийцтэй гэж ойлгох хэрэгтэй. 

Тоон үзүүлэлтийг харвал Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013 оноос хойш байнга алдагдалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, гадаадаас орж ирэх ам.доллар 2013 оноос хойш хомсдож байв. Харин үүнтэй зэрэгцээд Төв банкнаас 2012 оноос хойш 7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээр зах зээлд дарамт учруулсан байдаг.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газар “Сайн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Төв банкнаас 600 орчим тэрбум төгрөгийг богино хугацаанд нэмж зах зээлд нийлүүлсэн. Энэхүү мөнгөний огцом нийлүүлэдийг тухайн үед гадаад зах зээлээс босгосон 500 сая ам.долларын “Мазаалай” бонд болон 250 сая ам.долларын синдикат зээлүүд нөхөж байв. Гэвч 2016 оны сонгуулийн сүүлээр Эрдэнэтийн төлбөрт их хэмжээний валют гадагшилснаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом сулрах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.  

Ийм нөхцөлд Төв банкны шинэ удирдлага шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч ажилласан. Юун түрүүнд бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн. Ингэснээр валютын эрэлт үүсгэж буй илүүдэл төгрөгийг Төв банкинд эргүүлж татах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж чадсан байдаг. Мөн бодлогын хүүгийн коридорыг тэгш бус хэмтэй болгож, 3 сарын хугацаатай ТБҮЦ арилжаалж эхэлсэн нь ханшийг тогтворжуулахад үр дүнгээ өгч, гадаад валютын нөөц нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2016 оны эцэст 1296 сая ам.доллартай тэнцсэн. 

Мэдээж эдгээрээс гадна 2017 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрсэн нь ханшийг тогтворжуулахад үр дүнгээ өгсөн билээ. 

Монголбанкны хувьд гадаад валютын захад ханш эдийн засгийн суурь хүчин зүйлтэй нийцгүйгээр огцом савласан үед л оролцдог. Түүнээс биш чангарах, эсвэл сулрах трэндийн эсрэг үйл ажилладаггүй. Хэрэв ханшийг хүчээр тогтоон барих гэж оролдвол гадаад валютын нөөцөө шавхах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлдэг.