Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Отгонбаярыг АНУ-д, Л.Пүрэвсүрэнг Швейцарьт суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн:

  1. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
  2. Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/,
  3. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал/,
  4. Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр /Гадаад харилцааны дэд сайд асан/,
  5. Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд/,
  6. Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь /Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх /нарыг тус тус томилох саналыг Байнгын хороотой зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Ингээд Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9-84.6 хувийн дэмжлэг авлаа.

Харин Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжжээ.

Элчин сайдуудыг томилох Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс