Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Мияконожо” хотод Монголын тамирчдыг олимпийн бэлтгэл сургуулилалт хийлгэхээр болсон гэв

ikon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын урилгаар айлчилж байгаа Япон Улсын "Мияконожо" хотын дарга Икэда Такахиса тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.24)  бараалхлаа. 

УИХ-ын дарга М.Энхболд “Мияконожо хотод 20-иод жилийн өмнө зочилж байсан. Тэр үеэр Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж, хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох баримт бичигт тухайн үеийн хотын дарга ноён Ива Ашидатай хамт гарын үсэг зурж байснаа тод санаж байна” гээд хоёр орны соёл урлагийг сурталчлах чиглэлд “Мияконожо” телевизийн захирал Нацу Сан, “Улаанбаатар” телевизийн захирал Л.Балхжав нар олон сайхан ажил санаачлан хийж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй энэ цаг үед таны айлчлал болж байгааг тэмдэглэн хэлье хэмээв.

Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр орны Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, ирэх таван жилд хамтран хийх ажлуудаа тодорхой болголоо. 2016 онд Монгол Улс, Япон Улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Энэ нь хотууд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хамтарч бизнес хийхэд нэн таатай нөхцлийг бүрдүүлсэн баримт бичиг болсон гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.

 

Ноён Икэда Такахиса УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр, 1999 онд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох баримт бичигт таныг гарын үсэг зурснаас хойш бидний хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлсээр байна.

Олон талт харилцааны нэг жишээг дурдахад өнгөрсөн жил сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатраас 10 сурагчийг Мияконожо хоттой танилцуулах аялалыг зохион байгуулсан гэв.

Мөн “Токио 2020” олимпийг угтан өргөн хүрээний ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд манай “Мияконожо” хотод Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдыг урьж, бэлтгэл сургуулилт хийлгэхээр болсон. Энэ ажлыг ирэх жилийн 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ноён Икэда Такахиса УИХ-ын даргад дуулгалаа.

2019 онд хотууд найрамдлын харилцаа тогтоосны 20 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд энэ ойн баярт УИХ-ын дарга М.Энхболдыг урилаа.

УИХ-ын дарга М.Энхболд талархлаа илэрхийлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.