Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай сургуулиудаа Ерөнхийлөгчийн ивээлд авъя

Зууны мэдээ
2017 оны 5 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал, нийгэм дэх оролцоог дэлхий нийтээрээ ихэд анхаарах болжээ. Тэдний амьдрах, сурах орчинд хэрхэн анхаарч байгаа нь улс орны хөгжлийн нэгэн хэмжүүр болж байна.  Саяхан 29 дүгээр сургуулийн сурагчид өөрсдийн сурч боловсрох эрхийн төлөө жагсаал зохион байгуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн.

Мөн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зохион байгууллаа. Тэдний  чин хүсэл нь сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах байв. Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ боловсролд төдийлөн анхаардаггүй гэдгийг салбар бүртээ хүлээн зөвшөөрөөд байна.  Тиймээс тусгай сургуулиуд дээр үүсээд байгаа асуудал ямар шийдэлд хүрсэн, жагсаал зохион байгуулсан хүүхдүүдийн байдал ямар байгаа, ер нь энэ салбарын гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

29 дүгээр сургуулийн багш А.Ганхуяг, 116 дугаар сургуулийн багш Ц.Түмэн-Өлзий, сэтгэл судлаач Б.Баярцэцэг, Монголын Сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нарын байр суурийг хүргэж байна.


29 дүгээр сургуулийн багш А.Ганхуяг:

ХҮҮХДИЙН СЭТГЭХҮЙД МУУГААР НӨЛӨӨЛСӨНД ХАРАМСЧ БАЙНА

 

-Би энэ сургуульд  30 жил ажиллаж байна. Бид хүүхдүүдийнхээ “Багш нарын дохиог сайжруул” гэсэн шаардлагыг хүлээж авсан.  Одоо үйл ажиллагаа маань жигдэрч байна. Энэ жил манай сургууль  арав орчим залуу багш авсан.  Тэд хүүхдүүдийн дохиог ойлгохгүйн улмаас үл ойлголцол үүссэн. Түүнээс дохиогоор хичээлээ заадаггүй, багш нар нь нэг ч дохио мэддэггүй гэсэн асуудал байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй энгийн багш ажиллах тийм амар байдаггүй.  Хамгийн наад зах нь цамц гэхэд ноосон, нэхмэл, нимгэн, зузаан гээд өнгө болон төрлөөр нь ялгахын тулд эхлээд ерөнхий нэр өгнө. Цамцаа зааж нэрийг нь өгч, зургийг нь тавиад дохиогоо өгөөд явдаг. Дээрээс нь хурууныхаа үсгийг заах жишээтэй.

Ганцхан үг таниулахын тулд 4-5 үйл ажиллагаа шаарддаг. Энэ бүхэн дэс дараалалтай үйл ажиллагаатай, бүгд дохиотой явдаг. Хэн ч гэсэн юм мэдэхийн тулд тухайн хүнд шаардлага тавих нь зүйн хэрэг. Бидэнд сайжруулах зүйл байгаа. Одоо хүүхдүүд маань ямар нэг дарамт шахалт байхгүй хичээлээ хийгээд явж байна. Бид бэлгийн дарамт үзүүлсэн эсэх асуудлаар шалгуулах гээд цагдаагийн байгууллагад хандсан. Тийм асуудал байхгүй гээд хэрэгсэхгүй болгосон.  Миний 30 жил хөдөлмөрлөсөн энэ салбарт ийм үйл явдал болсон нь харамсалтай байна. Олон улсад бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ Ерөнхийлөгчийн эсвэл Хаан хатныхаа ивээл дор авдаг. Манайх өмнө нь Боловсролын яамны харьяа байсныг болиулсан.

Манай  сургууль дээр байрладаг Төрийн бус байгууллага ийнхүү хүүхдүүдийг маань турхирлаа гэж ойлгож байгаа.    Манай хүүхдүүд сонсдоггүй учраас гаднаас муу мэдээлэл авч, хараалын үг хэлдэггүй. Одоо бол уураа хүрэхээр ингэж хэлбэл болдог юм байна гэдгийг мэдсэн.  Манай хүүхдүүд багш нараа хүндэлнэ, хүнтэй зөв боловсон харьцдаг байсан бол одоо том ангийн хүүхдүүд багш нарыг юу юм бэ гэсэн байдалтай харьцдаг болсон. Манай дотуур байр гэхэд дотоод дүрэм, журамтай. 19:00 цагаас хойш хүүхдүүдийг эцэг эхийн хараа хяналтгүй гаргадаггүй. Гэтэл хаалга саваад, багш нарыг үл тоодог болсон. Хүүхдүүдийн сэтгэхүйд ингэж нөлөөлсөнд харамсаж байна. 

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл:

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЖ НИЙГМЭЭС АНГИД АВЧ ҮЗЭХ НЬ БУРУУ ЮМ

 

-Энэ бол маш эмзэг салбар. Тусгай сургуулиуд дээр болсон үйл явдлуудыг анхааралтай ажиглаж суулаа. Эсэргүүцлийн хэв маяг гэж хүн болгонд байдаг. Хүүхдүүдээс бие дааж эсэргүүцэл илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах санаа гарахад их төвөгтэй. Яагаад гэхээр тэр хүүхдүүдэд мэдрэмжээ илэрхийлэх байдал илүү их хязгаарлагдмал байна. Боловсролын тогтолцлоо хэцүү байсан ч жагсаалын дараалал хэв маягийг нь харахад тэр хүүхдүүдийг ашигласан ч юм шиг санагдсан.  Гэхдээ эсэргүүцэл гэдэг бусад оронд бол маш үнэтэй зүйл.

Харин манай улсад хэн нэгний компанит ажил ч юм уу, долоо хоногийн онцлох үйл явдал болоод л өнгөрч байна. Энэ асуудал  ч тодорхой түвшинд хүрээд намжиж байна.  Тэдэнд үлдсэн буруу ойлголтыг засаж залруулахын тулд маш их цаг хугацаа орно. Тэд одоо багш нартай ингэж харьцвал болох юм байна, бид ялан дийлж болох юм байна гэсэн ойлголттой үлдэж байна.

Мөн хүүхэд даган дуураймтгай байдаг учраас энэ ойлголт сэтгэлзүйг засахгүй бол яагаад ч болохгүй. Нийгмийн гажиг, эргэн тойрныхоо эерэг болон сөрөг зүйлсийг хүүхэд бүр дуурайдаг. Тэгэхээр энэ байдал ингээд намжина гэдэг бас л эргэлзээтэй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс ангид авч үзэх нь буруу юм.  Аль болох олон нийтийн дунд байлгах хэрэгтэй.  Гэтэл манайд Монгол Улс тэрний гадаа дахиад нэг вант улс байгаа мэт харж хандаж байна.

НҮБ-д Хөгжлийн бэрхшээлтэй хүнд бага боловсрол олгох тунхаг хүртэл байдаг. Гэр бүлд нь чиглэсэн ийм тийм ажил хийх ёстой, танин мэдэхүйн боловсрол олгоход багш нар ийм түвшинд ажилладаг байх ёстой, сургуулийн орчинд сэтгэл судлаач нар ингэж ажиллах ёстой гээд олон заалтууд бий. Манайд нэг буруу тогтолцоо байдаг. Тэр нь чи анхнаасаа өөр гэдгийг нь мэдрүүлж өсгөөд байдаг юм.  Энэ нь тухайн хүүхдийн сэтгэхүйд насан туршид нь  үлддэг. Түүнээс болоод ямар нэгэн асуудлууд гарч ирсээр байна.

116 дугаар сургуулийн багш Ц.Түмэн-Өлзий:

ХҮҮХДҮҮД ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ШААРДСАН ХЭВЭЭР БАЙНА

 

-Манай сургуулийн сурагчид саяхан хичээл хаялт зарласан.  Хүүхдүүд багш нарын ёс зүйн талаар шаардлага өгснийг дүүргийн ёсзүйн хороонд хүргүүлсэн байгаа. Хоёрдугаарт, сургалтын орчныг сайжруулж өгөөч гэсэн болохоор хүүхдүүдтэйгээ хамтарч үнийн судалгаа хийгээд юу авбал болох вэ гэдэг төсвөө гаргаад БСШУСЯ-нд өгөхөөр ярилцаж байна. Хүүхдүүд англи хэл, мэдээлэл зүйн хичээлийг чанартай болгож өгөх, энэ хичээлийн багш нарыг чадавхжуулж өгөөч гэсэн шаардлагыг тавьсан. Тиймээс багш нараас ямар сургалтад суух, яаж мэдлэг, чадвараа дээшлүүлэх талаар ам өчгийг нь авч хүүхдүүддээ танилцуулсан.

Хэрэв мэдлэг, чадвар нь сайжрахгүй бол өөр багш авъя гэсэн шаардлага тавьсан.  Ахлах ангийн хүүхдүүдийн шаардаад байгаа зүйл нь олон улсад нийцсэн тоног төхөөрөмж. Хүүхдүүд маань самбар дээр л ажиллаад байгаа. Одоо самбар байхгүй цахим болсон учраас шаардлага тавьсан хүүхдүүдийн зөв гэж бодож байна. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан багшийг бэлддэггүй.

Сүүлийн жилээс тусгай сургуульд ажиллаж байгаа багш нарыг мэргэшүүлэх зорилгоор яамнаас нэг жилийн ангийг нээсэн. Энэ ангид манай сургуулиас хэдэн багш хамрагдаад явж байна. Гадаадад орчин үеийн сургалтад ямар талаар бид үнэхээр мэддэггүй, биднийг чадваржуулах, мэргэшүүлэх ямар ч сургалт явагддаггүй. Бүх мэргэжлээр төгссөн багш нар тухайн орчиндоо тааруулж бэлдэж байна.

Тухайлбал, 29 дүгээр сургуулийн багш нар дохионы хэлийг өөрсдөө л сурч байгаа. Манай сургуульд харааны бэрхшээлтэй, сургагч зүйч багш нь мэргэжлийн хүн байдаггүй. Байсан багш нар нь тэтгэвэрт гарсан учраас өөрсдийнхөө дотоод нөөц боломжийг ашиглаж байна. Олон жил болсон багш нар нь залуу багш нараа зааж сургадаг. Залуу багш нар нь орж ирээд брайль үсэг сураад хүүхдүүддээ заадаг. Улсаас тусгай сургуульд багшлах багш гэж бэлддэггүй. Хүүхдүүд маань хараагүй ч гэсэн гадаадад сурах боломжтой. Тиймээс үүнийг л хүсээд байгаа нь зөв шүү дээ. Энэ асуудал ганц манай сургуульд гараагүй.

Биднийг ойлгодоггүй хүмүүс манай сургууль дээр ирж сургуулийн үйл ажиллагаатай танилцаасай гэж хүсч байна. Манайх сургуулийнхаа нэг талыг дотуур байр болгосон. Спорт заалгүй учраас хүүхдүүд хонхот бөмбөгөөр хичээллэж чаддаггүй. Энэ талаар үе үеийн захирлууд яаманд тавьдаг ч одоогоор шийдэгдсэн юм алга. Тэр бүү хэл багш нарын хэрэглэж байгаа брайль машин БНСУ-ын музейд 20-30 жилийн өмнө тавигдсан байдаг.

Сонсголгүй иргэдийн холбооны тэргүүн Т.Цэдэнбал:

БИДНИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ЯВДАЛ ДУУСАХГҮЙ БАЙНА

 

-55 жилийн түүхтэй 29 дүгээр сургуульд ийм асуудлууд байсаар байсан. Энэ зүйлийг гаргаж, нийгмийн анхаарлыг татсаныхаа төлөө хүүхдүүдэд дарамт ирж байна.  Хүүхдэд ямар буруу байгаа юм бэ. Шударга бус зүйлсийг өөрсдийнхөө дохионы хэлээр илэрхийлсэн. Дохионы хэл бол бидний эх хэл юм. Үнэн зүйлийг ил тод гаргаж ирсэн хүүхдүүдийг дарамталж байгаа нь буруу гэж хэлмээр байна.

Багш нар хүүхдүүдэд анхаарлаа хандуулж, цаашид яах вэ гэж хандах ёстой. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал дуусахгүй байна. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль 2010 онд батлагдсан. Энэ хуульд сонсголгүй хүний эх хэл дохионы хэл мөн гэж хүлээн зөвшөөрсөн. 29 дүгээр сургуулийн захирал сонсголгүй хүний эрхийг давуу байлгахыг хүсч байна. Сонсголгүй хүний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Цаашид бидний эрх ашгийг хязгаарлахаа больцгоо. Бид сонсохгүй нь хамаагүй, бид бүгдийг мэдэж, бүгдийг харж байдаг.

Ийнхүү бид тусгай сургуулийнхан болон сэтгэлзүйч, ТББ-ын төлөөллийн байр суурийг сонслоо.  Цөөн үгээр товчилбол 29 дүгээр сургууль дээр үүссэн жагсаал цуглаан гүндээ бол намжаагүй, хүүхдүүд нь багш нараа үл тоосон харилцаа үүсээд явж байгаа юм байна.  Тэгж хандаж байгаа хүүхдүүдтэй багш нь бас яаж харьцах нь тодорхой.  

Тэдний тэмцэл зүгээр л олон нийтийн анхаарлаас гарсан болохоос хүүхдийн эрх зөрчигдсөн, тэмцэлдсэн хэвээр байна.  Энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа талаар БСШУСЯ-наас төлөөлөл урихад “Завгүй ажил ихтэй” гэсэн шалmгаанаар асуудлаас зугтав.  Салбар яам нь хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах орчинг сайжруулах сэтгэл байхгүй, өнчин хүүхэд шиг хандаж байна.  

Гал унтраах төдий хэдэн захирамж шийдвэр гаргаад өнгөрсөн гэдэг нь тодорхой болов. Энэхүү хэлэлцүүлгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын асуудлыг олон улсын жишгээр Ерөнхийлөгчийн ивээлд авч, өөрчлөл шинэчлэл хийх нь зүйтэй гэдгийг харж болно. Түүнээс биш захирал халж, яамнаас хичнээн ч шийдвэр гаргаад тэдний эрх зөрчигдөхгүй гэх баталгаа алга.

/Зууны мэдээ сонин сэтгүүлч Т.БАТСАЙХАНР.ОЮУН/

Зураг