Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад нийтдээ 188,974 төрийн албан хаагч байгаа гэв

Б.Тогтох, Монголын мэдээ
2017 оны 5 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр хуулийн төсөл, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны тайланг сонслоо. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Энэхүү асуудлыг Д.Оюунхорол гишүүн өргөн барьсан шалтгаан нь Үндсэн хуулийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаас үүдэлтэй юм.

Тус хуульд санал асуулга явуулах хугацааг 65 хоногийн өмнө зарлана гэж тусгасан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль болоход ганцхан сарын хугацаа үлдсэн учраас хугацааг наашлуулах өөрчлөлт оруулахаар болсон билээ. Хэрвээ Үндсэн хуулиа өөрчлөх эсэх санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийвэл 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзжээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ийм давчуу байдлаар хэлэлцэх шаардлага байгаа эсэхийг тодрууллаа.

Гишүүний асуултад байнгын хорооны дарга Н.Энхболд “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааны боломж хомс байгаа нь үнэн. Гэхдээ энэ хуулийг батлаад явахад буруу зүйл байхгүй. Иймээс хуулийн төслийг энэ байдлаар нь батлаад дараа дараагийн шатанд шийдвэрлэх асуудалдаа анхаараад явах нь зүйтэй байна” гэсэн санал хэллээ.

Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь анхны хэлэлцүүлэгт шилжүүлэх нь зөв гэж үзсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулга хийсэн юм.

Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулгаас үзэхэд одоогоор манай улсад нийтдээ 188,974 төрийн албан хаагч байгаагаас 3,032 нь төрийн улс төрийн, 18,960 нь төрийн захиргааны, 36,949 нь буюу 19.55 хувь нь төрийн тусгай, 130,033 нь буюу 68.82 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа аж.

Төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороодоос ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд нийт 193 ёс зүйн зөрчил бүртгэгдсэнээс төрийн захиргааны удирдах албан тушаалтантай холбоотой 19, гүйцэтгэх албан хаагчтай холбоотой 174 ёс зүйн зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй юм байна.

Харин ёс зүйн зөрчлийг анх удаа гаргасан 166 албан хаагч байгаа бол 27 албан хаагч нь давтан гаргажээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гарч буй зөрчил дутагдлыг засаж арилгах, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооноос тогтоол гаргаж, Төрийн албаны зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо.

Хуралдааны төгсгөлд “бусад” гэсэн хэсэгт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах УИХ-ын тогтоолыг хэлэлцэн дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнг ажлын хэсэг наймдугаар сарын 25 гэхэд УИХ-д өргөн барихыг тусгажээ.

Анх 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж явуулах үед Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргаж байжээ. Мөн БОХХАА-н байнгын хороо хуралдаж Малын генетик нөөцийн болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Эдгээр хуулийн төслийг баталснаар малын удмын санг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн босоо тогтолцоог бий болгосноор дампуурахад хүрээд буй Мал эмнэлгийн салбарыг хөл дээр нь босгоно хэмээн хууль санаачлагчид онцолсон юм.

Зураг