Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Шинэ Эрүүгийн хуульд ялыг уян хатан тусгаж өгсөн

Б.Бат, Өглөөний сонин
2017 оны 5 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Саяхан УИХ-ын чуулганаар шинэ Эрүүгийн тухай хуулийг баталж, гаргасан. Уг хуулийн зарим зүйл, заалтын талаар нэр бүхий гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэгвэл эл асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяртай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрүүгийн хуульд ноцтой өөрчлөлт орлоо" гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Нэлээн шүүмжлэлтэй хандаж байх шиг байна л даа. Та О.Баасанхүү гишүүний мэдээлэлд тайлбар өгнө үү?

-О.Баасанхүү гишүүний хувьд хар тамхи, мансууруулах бодисыг худалдах, ашиг олох зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулиас аваад хаячихсан гэх зүйлийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт тооцохоо больчихсон, ялыг нь хөнгөлчихсөн байна гэдэг зүйлийг ярьсан.

Гэхдээ мансууруулах бодистой холбоотой асуудал бол 2002 оны хуулиар гурван зүйл ангиар зохицуулагдаж ирсэн. Харин шинэ баталсан Эрүүгийн хуулиар дөрвөн зүйл ангиар салгаж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийнх нь шинж чанараас шалтгаалж заримыг нь нөгөөд нь шилжүүлсэн гэж ойлгож болно. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл анги гэж бий. Үүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн гэмт хэрэг бий. Үүний нэгдүгээр зүйлд нь зааснаар борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан бол зургаан сарын хугацаагаар баривчилна. 

Хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг бол шинээр баталсан хуулиар борлуулах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан бол 1-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж тусгаж өгсөн. 

-Өөрөөр хэлбэл, өмнө нь хоёр жил хүртэлх ялтай байсан бол шинэ хуулиараа таван жил хүртэлх хорих ялтай болж байна гэсэн үг үү? 

-Яг тийм. Дээд ялын хэмжээ нь гурван жилээр нэмэгдсэн гэж ойлгож болно. Энэ гэмт хэргийг борлуулах зорилгоор үйлдсэн бол 5-8 жилийн хорих ялтай байсан бол 2-8 жил болж шинэ хуулиар батлагдсан. 

-Тэгвэл давтан үйлдсэн тохиолдолд ялын хэмжээ нэмэгдэх үү?

-Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэргийг давтан үйлдсэн, бүр зохион байгуулалттайгаар бүлэглэж үйлдсэн тохиолдолд 5-12 жилийн хорих ялаар шийтгэнэ. Өөр ямар ч сонголтгүйгээр онц хүнд гэмт хэрэгт оруулсан байгаа. Хоёрдугаарт тэнсэн харгалзах гэх зүйл байхгүй. Ийм тодорхой зүйлчилж өгсөн гэж ойлгох хэрэгтэй. 

-Бодис гэх үгийг авч хаясан гэх асуудал бас хөндөгдсөн шүү дээ. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Бодис гэдэг үгийг байхгүй болгочихсон гэх асуудлыг нэг гишүүн хөндөж байх шиг байна лээ. Тэгэхээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, түүхий эд гэх нэр томъёог шинэ хуульд оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, 2002 оноос эхлэн үйлчилж байсан хуулиас ялгаатай нь түүхий эд гэх үгийг нэмсэн. 

-Түүхий эд гэж юуг хэлээд байна вэ?

-Жишээлбэл, хөдөө орон нутагт холын замд явж байгаа том оврын машин хэрэглэгчид, иргэд мими гэх бодисыг хэрэглэж мансуурч байна. Улмаар осол, аваар ихээр гарч байна гэх асуудал хөндөгдсөн. Яг үүнийг лабораторийн шинжилгээгээр авч үзэхээр энэ нь мансууруулах бодис гэх нэр томьёондоо олон улсын жишгээр багтдаггүй. Энэ мими гэх бодист мансууруулах үйлчилгээтэй түүхий эдэд ордог бодис байдаг.

Харин шинэ хуулиар түүхий эд гэх үгийг оруулснаараа ганцхан мансууруулах олон төрлийн бодисоос гадна мансууруулах үйлчилгээтэй түүхий эдийг агуулсан мими мэтийн бодисыг хүртэл хамруулж өгсөн явдал юм. Нэг үгээр бол энэ төрлийн гэмт хэргийн хамрах хүрээг нь тэлж, илүү ялыг нь чангатгасан. 

-Үүнээс гадна шинээр баталсан Эрүүгийн хуульд өөр ямар заалтыг шинээр оруулж өгсөн бэ?

-Шинэ Эрүүгийн хуулийн гол онцлог нь их уян хатан ялтай болсон. Манай улсын хувьд 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш хэд, хэдэн удаа өөрчлөлт оруулсан байдаг. Учир нь, ялын бодлогын сонгох хувилбар багатай, ялын интерваль гэж ярьдаг зүйл бага байсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн гэмт этгээдэд оноож байгаа ялын хэмжээ нь хумигдмал, хашигдмал байсан бол одоо эсрэгээрээ болсон.

Нөгөө талаараа хорих анги гэмт этгээдүүдэд дүүрч байна, шоронжиж байна гэх шүүмжлэл байдаг. Өнгөрсөн хугацаанд дөрвөн ч удаа Өршөөлийн хуулийг баталж гаргасан байдаг. Энэ нь ялын сонгох сонголт нь бага учраас хорих анги дүүрдэг. Үүнийгээ төр Өршөөлийн хуулиар дамжуулж л залруулдаг. Тэгвэл одоо баталсан шинэ хуулиар ялын бодлого их уян хатан болсон. Шууд ял оноохыг урьтал болгохгүй. Өөр бусад олон төрлийн ялаас сонгож хэрэглэх боломжтой болж байгаа юм. 

-Ингэхэд авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр ялын хэмжээг нэмсэн үү. Ямар зүйл заалтыг шинээр нэмж өгөв?

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын чангалсан. Өмнө нь хохирлын хэмжээг харгалзан, шаарддаг байсан. Өөрөөр хэлбэл, 12 сая төгрөгөөс дээш хөрөнгийг төрөөс хумсалсан албан тушаалтныг эрүүгийн хэрэгт татдаг байсан бол шинэ хуулиар нэг төгрөг ч бай улсаас идсэн л бол гэмт хэрэгт тооцохоор зүйлчилж өгсөн. Ингэснээрээ төрд ажиллаж байгаа иргэдийн сахилга, хариуцлага чангарна гэж ойлгож байна.

Зураг