Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс хүн амынхаа тоог 90 саяар алдаж тооцсон гэж судлаачид дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хятадын хүн ам албан ёсны тооллогын дүнгээс хамаагүй цөөн байх магадлалтай гэж хэсэг судлаачид үзсэн байна. Хэрвээ энэ нь үнэн бол дэлхийн хамгийн олон хүн амтай улс Энэтхэг болох юм.

Даваа гарагт Бээжин хотод болсон симпозиумын үеэр Висконсин-Мэдисоны их сургуулийн судлаач И Фушянь хэлэхдээ Хятад улс өнгөрсөн оны байдлаар 1.29 тэрбум хүн амтай буюу Үндэсний Статистикийн Хорооны гаргасан тооноос даруй 90 саяар цөөн хүн амтай байх өндөр магадлалтай гэжээ.

Энэ зөрүү нь Испаний хүн амаас хоёр дахин их тоо юм. Испани улс 46 сая хүн амтай. Судлаач И Фушянь “Хоосон үүртэй Том улс” хэмээх номын зохиолч бөгөөд уг бүтээлдээ Хятад улс хүн амаа хязгаарлах бус, өсгөх хэрэгтэй байгааг бичиж байжээ.

Түүний судалгаанд өгүүлэхдээ Хятадын эрх баригчид 1991-2016 оны хоорондох төрөлтийн тоог 464.8 сая гэж тооцоолсон нь хэтрүүлсэн тоо гээд бодит хэмжээ нь 377.6 сая гэж дүгнэсэн байна. И Фушяний дүгнэлтийг симпозиумд оролцсон бусад эрдэмтэд мөн дэмжиж, Бээжингийн засаг захиргаанд хүн амын статистик мэдээллийн чанарыг сайжруулахыг уриалжээ.

Албан ёсны тооллогоор өнгөрсөн онд Энэтхэгийн хүн ам 1.33 тэрбум байсан бол Хятадын хүн ам 2015 онд 1.37 тэрбумд хүрсэн гэж байсан юм.

Хятад улс 2011 оноос эхлэн нэг хүүхдийн бодлогоо сулруулж эхэлсэн нь хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолтой холбоотой. Гэсэн ч одоо болтол нэг хүүхдийн бодлогоо бүрэн зогсоохоос болгоомжилсоор байгаа юм.

Одоо тус улс 60-аас дээш настай иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. 2014 онд энэ насныхан хүн амын 15.5 хувийг эзэлж байв. Энэ зууны дундуур Хятад улсад 60-аас дээш насны 500 сая хүн амьдардаг болно гэж НҮБ тооцоолжээ. Судлаачид Бээжингийн засгийн газрыг “төрөлтийн хэмжээг хэтрүүлэн үнэлж, хөгшрөлтийн хурдыг дутуу тооцоолж байна” гэж шүүмжилцгээсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post