Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэх учиртай"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Манай улс япон улсад төмс экспортлох талаар мэдээлэл уншаад та гайхсан уу? Үүнийг хэр боломжтой гэж бодож байна вэ?

Хаврын тариалалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 22,23-ны өдрүүдэд Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган эдгээр таван аймгийн тариалалтын явцтай танилцлаа.

Ингээд ерөнхий сайдын томилолтоос ажиглагдсан таван зүйлийг хүргэж байна

1. Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа тариаланчдын зардал хэцүү байдаг

 

 Улын хэмжэээд 381.6 мянган га-д үр тариа, 23.6 мянган га-д төмс, хүнсний ногоо,нийтдээ 458 мянган га-д тариалалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж, тариалалтын ажил эрчимтэй явагдаж байна. 

Энэ жил "Атрын гурав дахь аян" үргэлжлэхээр болсон. 

Энэхүү зорилтын хүрээнд гол нэрийн хүнсний ногоог 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангахаар төлөвлөжээ.

Ингээд бидний эхний очсон газар Төв аймгийн Жаргалант сумын "Хөх баян булаг" ХХК нийтдээ 6,160 га эргэлтийн талбайтай, тариалалтын явц 80 гаруй хувьтай явагдаж байгаа ажээ.
 
Төв аймгийн аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ч.Сарангэрэл " 605 га-д төмс, 922 га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөжээ.

Усалгаатай тариалан болон давхар даатгалын асуудлыг иргэддээ санал болгож байгаа.

Төв аймгийн хэмжээнд хөрс 20 гаруй мм чийг авсан мэдээлэл байна.

Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа тариаланчдын зардал хэцүү байдаг" гэв.  

2. Залуусыг ХАА-н салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх нь чухал

 

Ингээд дараагийн уулзалт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын "Хурниад" ХХК- ийн тариан талбайд боллоо. 

Тус компани нь 60-80 кг-ийг нэгж га талбайд технологийн дагуу сэлгээ, уриншийг хөрсөө хөндөхгүй тэг технологиор тариалж эхэлжээ.

Туршлагатай тариаланчдын нөөцийг үе залгамжилсан тариаланчдаар бүрдүүлэх, улмаар шинэ техник технологийг нутагшуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа талаар тариаланчид саналаа хэлж байв.

Харин ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Мэргэжил сургалтын төвүүд газар тариалан, уул уурхай, нийтийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ёстой.

Аль нэг төв нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнан сургалт явуулдаг байх, энэ төвийг тоног төхөөрөмжөөр хангахад Засгийн газрын оролцоо байх ёстой учраас анхаарч ажиллана.

Мөн залуусыг хөдөө аж ахуйн салбарт ажиллах сонирхлыг төрүүлэх нь чухал байна" гэлээ. 

3. Манай улсаас Япон улс руу төмс экспортлох санал тавьсан

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Энэ удаагийн Атрын гуравдугаар аяны гол зорилго нь хүнсний ногоо эрхлэгчдээ илүү дэмжихэд чиглэж байна. Энэ жилээс эхлээд шатахууны болон үрийн дэмжлэг үзүүлж эхэлсэн.

ОХУ-аас 10 сая ам.долларын тоног төхөөрөмж авахаар тохирсон.

Манай улсаас Япон улс руу төмс экспортлох санал тавьсан. Бид хоёр удаа дээж явуулаад хоёуланд нь тэнцлээ гэдэг хариу авсан.

Мөн Хятадтай хамтарсан үр тариа боловсруулалтын лаборатори байгуулна" гэлээ. 

Ургацаа бүрэн хурааж чадвал улсын нийт ургацын 50-60 хувийг бүрдүүлэх боломжтой Сэлэнгэ аймгаас хөдлөөд "Молор эрдэнэ түрүү" ХХК-ийн хаврын тариалалтын явцтай танилцахаар Булган аймгийн Хангал сумыг зорилоо. 

Уг компани улаан будаагаа “Алтантариа” компанид нийлүүлж, чацаргана тариалдаг ажээ.

Улаан буудайн үрээ 100 хувь дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авдаг байна.

Эх орны хөрсөнд ургасан үр ургахдаа ч сайн болохыг тариаланчид хэлж байлаа. 

4.Тариаланчдад мөнгөн урамшуулалыг стандарттай нийцүүлж олгоно

 

Засгийн газраас улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжиж, гурил үйлдвэрлэлд стандартын шаардлага хангасан хүнсний буудай нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн урамшуулал олгож байгаа.

Гэтэл гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 292.4 мянган тонн буудайн 11.3 хувь буюу 33.3 мянган тонн нь стандартын нэгдүгээр ангилалд тэнцэж үлдэх хэсэг нь хоёроос дөрөвдүгээр ангилалд оржээ.

Энэ нь тариаланчид ургацынхаа хэмжээнд илүү ач холбогдол өгөөд чанарын асуудлыг хоёрдугаарт тавьж байгааг харуулж байна. 

Тиймээс цаашид гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, стандарттай нь уялдуулж, мөнгөн урамшуулалын хэмжээг тогтоож байх бодлого барих талаараа ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тариаланчидтай уулзлат хийх үеэрээ онцолж байлаа. 

5. Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгохоор хэлэлцэж байгаа

 

Бидний хамгийн сүүлийн очсон тариан талбай бол Орхон аймаг Жаргалант сумын "Хангал гол" ногоочдын бүлгийнхэнтэй хийсэн уулзалт.  

Тус ногоочдын бүлэгт 16 өрх хамрагдаж, нийт 40 га эргэлтийн талбайд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байна. 

Урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, улаан буудайн тонн тутамд олгодог урамшууллыг төмс, хүнсний ногоочдод олгох боломжтой эсэхийг иргэд тодруулав. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Ногоочдод тонн тутамд нь урамшуулал олгох тухай хэлэлцсэн. Нарийвчлан судалж шийдвэр гаргах шаардлагатай байгаа.

Импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх учиртай.

Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр туршлагатай ОХУ, Украин зэрэг улсаас тоног төхөөрөмж оруулж ирэхээр төлөвлөсөн.

 Манай тариаланчид хаврын нэг өдрийг намрын нэг өдөртэй тэнцдэг гэж зүйрлэдэг.

Тийм учраас тариалалтын мэдээ цаг тутам өөрчлөгдөж, нэмэгдэж байгаа.

Тариалалт энэ сардаа багтаж дуусахаар байна" гэлээ.