Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп түүхэнд бичигдэх АНУ-ын ерөнхийлөгч боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Израйль-Палестиний хооронд маргаантай байдаг Иерусалем хотын Баруун хананд өчигдөр Дональд Трамп зочилсноор ерөнхийлөгчийн суудалд сууж байхдаа энэхүү ариун газарт зочилсон АНУ-ын анхны төрийн тэргүүн боллоо.

Тэрээр хар тоорцог толгой дээрээ тавьж, ариун хананд алгаа тавин хүслээ бичсэн цаасыг хананы завсарт хийсэн нь жүүдүүдийн үйлддэг мөргөл юм. Трампыг энэ удаа Израйлийн ганц ч албаны хүн дагалдсангүй. Учир нь ингэвэл тус хотын Израйлийн эзэмшлийг АНУ хүлээн зөвшөөрсөн хэрэг болох байв. Тиймээс энэ айлчлал хувийн арга хэмжээнд тооцогдсон байна.

Баруун хана оршдог Иерусалем хотын хуучин хэсгийг өндөр хамгаалалтад авч, бүх замыг нь хаажээ. Хана руу харсан хотын бүх хэсэгт өндөр хаалт босгож, иргэд Трампын мөргөлийг харах боломжгүй болгосон байна. Хотын оршин суугчдыг дээвэр дээрээ гарахыг ч хоригложээ. Дональд Трампыг Баруун хананы жүүдийн шашны номлогч Шмуэл Рабинович дагалдсан байна.

Мөн жүүдийн шашинд орсон Трампын охин Иванка хананы эмэгтэйчүүдийн хэсэгт зочилж, мөргөл үйлджээ. Иванкагийн нөхөр Жаред Кушнер жүүд хүн тул тэр ийнхүү уламжлалыг дагаж, шашин шүтлэгээ сольсон юм байна. Дональд Трамп өөрөө протестант шашинтай бөгөөд шууд холбоотой гэр бүлийнхэн дотор нь жүүд хүн багтсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байгаа юм.

Жүүдийн шашны хатуу дэгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс тус тусдаа мөргөл үйлдэх ёстой. Мөргөлийн дараа Трамп зочны дэвтэрт “Энэ бол агуу их нэр төрийн хэрэг байлаа” гэж бичжээ. Орой нь Израйлийн ерөнхий сайдтай зоог барих үеэр Трамп мөргөлийг “үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж” гэж тодорхойлсон байна.

Баруун хана нь эртний жүүдийн Херод хааны байгуулсан хоёр дахь сүмийн үлдсэн хэсэг юм. Нийтийн тооллын 70 онд уг сүмийг Ромчууд нураасан гэдэг. Уг ханатай зэрэгцэн Исламын гурав дахь ариун газар гэгддэг Аль-Акша сүм байрладаг юм.

Израйльчууд Баруун хана оршдог Иерусалемийн зүүн хэсгийг 1967 онд эзлэн авсныг олон улсын хамтын нийгэмлэг одоо болтол хүлээн зөвшөөрдөггүй. Израйльчууд Иерусалемийг сүүлд нийслэл хотоороо зарласан. Гэвч Палестинчууд зүүн Иерусалемийг өөрийн байгуулах улсын нийслэл гэж үздэг юм.

Америкийн уламжлалт гадаад бодлогод Иерусалемийн статусыг хоёр тал хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэдэг. Дональд Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа анхны гадаад айлчлалаа хийж, Христ, Ислам, Жүүдийн шашнуудын ариун газруудад зочилж байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр тэр Саудын Арабт айлчилсан бол айлчлалынхаа сүүлээр Ватиканд саатах болно.

 

Эх сурвалж: Japan Times