Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Сөүлийн гудамжинд зөвхөн тодорхой цагт л замын хөдөлгөөн хязгаарлана"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
 

Сүхбаатар дүүрэг дэх Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулахаар ажиллаж байгаа. Тохижуулах ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Оджаргалаас дараах зүйлийг тодрууллаа. 


-Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах ажлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тохижуулах ажил эхэлсэн байгаа. Энэ нь урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан хотын иргэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөх тодорхой хугацаанд автомашингүй чөлөөт бүс бий болгож, худалдаа, үзвэр үйлчилгээ зэргийг нэвтрүүлэх юм.

-Машин явуулахгүй гэдэг нь тодорхой цагт л юм байна шүү дээ. Иргэд энэ замыг бүр мөсөн хаана гэж ойлгоод байгаа?

-Хүмүүс бүтэн долоо хоногийн хугацаагаар ч юм уу, ашиглалтад орсон хугацаанаас хойш замыг хаана гэсэн ташаа мэдээлэлтэй байна.

Одоогоор хэдээс хэдэн цагийн хооронд хаах вэ гэдэг дээр ярилцаж байгаа. Урьдчилсан байдлаар зөвхөн Баасан гарагийн 22:00 цагаас хаавал ямар вэ гэдэг асуудлыг хэлэлцэж байна.

“Шөнийн гэрэлт гудамж”-ийн урьдчилсан зураглал

Зөвхөн долоо хоногийн нэг өдрийн, тодорхой цагт замын хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн үг. Гэхдээ хараахан эцэслэн хугацааг тогтоогоогүй байна.

-“Шөнийн гэрэлт гудамж” ямар өнгө төрхтэй, шийдэлтэй байх вэ?

-Мэдээж шөнийн гэрэлтүүлгийг шийдсэн, төрөл бүрийн донж загвар бүхий гэрлэн чимэглэлүүдийг хийж өгнө.

Мөн сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт болон сэлгэлтийн ажлууд, автозамын гагнаас асфальт хучилтуудыг хийх, зарим барилгын фасад шинэчлэлт зэрэг ажлыг хийж байна.

Зөвхөн долоо хоногийн нэг өдрийн, тодорхой цагт хөдөлгөөнийг хязгаарлана.

Ногоон байгууламж болон бусад газарт сул шороон хэсэг их байдаг.

Сул шороотой хэсгийг хатуу хучилттай болгож, явган замын зурвасыг өргөн болгоно гэсэн үг.

Автомашингүй замыг ашиглан тухайн зам хаах цагт төрөл бүрийн худалдаа, үзвэр үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах талаас нь холбогдох албаныхан, байгууллагууд хамтран ажиллаж байна.

-Гудамж яг хаанаас хаана хүртэлх талбайг хамарсан байхаар төлөвлөсөн бэ?

-Ерөнхийдөө гудамжны урт 440 метр. Хоёр талаараа тохижилт хийгдэнэ гэж үзвэл нийт 880 метр урт зам талбайн тохижилтын ажил хийгдэж байгаа.

Хамрах хүрээний хувьд Циркийн уулзвар буюу Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж хоёр огтлолцдог хэсгээс баруун тийш Наран плазагийн уулзвар хүртэл “Шөнийн гэрэлт гудамж” болно.
Хамрах хүрээ
 

Энэ ажлын хүрээнд мөн шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагуудын фасад, хаяг шинэчлэлтийн ажлууд дээр бид албан тоот хүргүүлсэн.

-Хэзээ ашиглалтад орох вэ?

-Эхний ээлжинд 440 метр урттай гудамжийг зургаадугаар сарын эхний долоо хоногт ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Тэгэхээр залуус маань зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэнд очиж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан бол хотын төвдөө, автомашингүй, аюулгүй, гэгээтэй орчинд өнгөрүүлэх боломжтой болох нь.