Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй гадаад хэргийн сайдад нэр дэвшигч охиныхоо иргэншлийг солиулахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин засгийн газраа байгуулж байгаа. Тэрээр тус улсын түүхэнд анх удаа гадаад хэргийн сайдад эмэгтэй хүний нэрийг дэвшүүлээд байна. НҮБ-д алба хашиж байгаа Кан Кюн Хваг гадаад бодлогын тэргүүнд нэр дэвшүүлж байгаагаа Хөх ордон зарласан юм.

Гадаад хэргийн сайд болохын тулд Кан хатагтай Америкт төрсөн охиныхоо иргэншлийг солиулах болсон тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Одоо 34 настай охин нь 2006 онд Солонгосын иргэншлээс татгалзаж АНУ-ын иргэн болж байсан гэнэ. Тэгвэл одоо буцаад Өмнөд Солонгосын иргэн болохоор болжээ.

Кан Кюн Хва эхлээд энэ талаар нөхөр, охинтойгоо зөвлөлдөнө гэж хэвлэлд ярьж байсан бол удалгүй иргэншлийг нь солихоор шийдсэнээ мэдэгдсэн байна. Түүний нөхөр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын хүүхэд өөр улсын иргэншилтэй байх нь зохимжгүй гэж үзээд зөвшөөрсөн гэнэ.

Өмнөд Солонгост энэ талаар ямар нэг хуулийн зохицуулалт байдаггүй. Гэвч сайдад нэр дэвшигчийг парламент хэлэлцэх үед сөрөг хүчин энэ асуудлыг сөхөх нь тодорхой тул Хөх ордон Кан хатагтайд ингэхийг зөвлөсөн ажээ.

Хэрвээ элчин сайдад нэр дэвшигч гадаад орны иргэншилтэй хүүхэдтэй бол томилогдож чаддаггүй бичигдээгүй хууль Өмнөд Солонгост үйлчилдэг тухай элчин сайдаар олон жил ажиллаж байсан дипломатч хэвлэлд ярьж байжээ. Ийм нэгэн үндсэрхэг, “цэвэр цусны” үзлийн бичигдээгүй хууль Өмнөд Солонгосын засаг захиргаанд хадгалагдсаар ирсэн байна.

Хэдийгээр ерөнхийлөгч Мүүн Жэ Ин анх удаа эмэгтэй хүнийг сайдад нэр дэвшүүлсэн нь дэвшилтэт үзэгдэл боловч глобалчлалын эрин үед тохирохгүй хуучинсаг үзэл суртлыг дагаж байгааг зарим хүмүүс шүүмжилж байгаа юм.

Кан Кюн Хва НҮБ-ын хүний эрхийн дэд комиссараар ажиллаж байгаа хүн. Гэвч тэрээр хашиж байгаа ажлынхаа эсрэг шийдвэр гаргахаар болсон нь энэ юм байна.

 

Эх сурвалж: Korea Times