Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дүр эсгэсэн санал асуулга

Зууны мэдээ
2017 оны 5 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Эрх баригчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүх нийтийн санал асуулгыг явуулахаар төлөвлөөд байгаа. Тэд нэгэнт төлөвлөсөн болохоор энэ ажил явж л таарна.

Албаны эх сурвалжуудын хэлж буйгаар “асуудал дагуулдаг” зургаан сэдвээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх юм. Энэ дотроос хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэхээр төсөлд тусгажээ. Товчхондоо, Ерөнхийлөгчийн хууль, хүчний байгууллагын удирдлагын томилгоонд оролцдогийг болиулна гэсэн үг. Ерөнхийдөө Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хуваалцдаг байдлыг зогсоох нь үр дүнтэй хэмээн тайлбарлаж байна.

Эрх баригчид ингэж шийдээд хэдийнээ зөвлөлдөх санал асуулгын эхний хэлэлцүүлгүүдийг хийгээд “...Ард түмэн дэмжиж байна” хэмээх дүгнэлтийг гаргасан. Гэхдээ энэхүү шийдийг гаргахад оролцсон “ард түмэн”-ийг эрх баригчид өөрсдөө сонгож, гар өргүүлсэн нь нийтийг хамарсан гэж байгаад нь эргэлзээ төрүүлэхээр байгааг хэлэх хэрэгтэй.

Түүнчлэн одоогийн УИХ-ын гишүүдтэй хамт иргэн Д.Ламжав гуай энэхүү өөрчлөлтийг боловсруулсан байгаа юм. Иргэн Д.Ламжав гуайн хувьд 1992 оноос хойш энэ Үндсэн хуулийг хамгаалахад өөрийн амьдралыг зориулсан, өдгөө 80 насны босго дөхсөн ахмад зүтгэлтэн. Хамгийн гол нь Д.Ламжав гуайн өнгөрсөн 25 жилийн турш Үндсэн хуулийн талаар баримталж ирсэн зарчим энд өөрчлөгдөж, өнөөдрийн өөрчлөлтийн авторуудтай зэрэгцэж суугаад “...Өөрчилье” хэмээж буй нь түүнд юу нөлөөлөв гэдэг асуултыг босгож байгаа юм.

Хэрэвзээ 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн өнөөг хүртэл хэрэгжсэн түүхийг сөхвөл, хамгийн ихээр анхаарал хяналт тавьж, Цэцэд гомдол мэдүүлэн хамгаалж ирсэн хүн бол иргэн Д.Ламжав гуай мөнөөсөө мөн. Тийм болохоор Үндсэн хуулийн талаарх түүний үзэл бодлын өөрчлөлт чухам хэзээнээс эхэлсэн бэ гэдэг л анхаарал татаад байгаа юм.

Д.Ламжав гуай л хамт боловсруулж, үүнийг нь Төрийн ордонд “санамсаргүй” цугласан 1570 хүн хэлэлцэхээр ард түмэн бүхлээрээ энэ өөрчлөлтийг боловсруулахад гар бие оролцсон мэтээр харагдана гэж эрх баригчид тооцоолсон бололтой. Үгүй юм.

Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлт бүх нийтийн санал асуулга авах дээрээ тулж ирлээ. Яг сарын дараа энэ санал асуулга болно. Эх загварыг нь гаргасан санал асуулгын хуудсан дээр “...Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зөв үү” гэсэн ганц асуулт байх ажээ. Үүнд нь ард түмэн “...Тийм”, эсвэл “...Үгүй” гэж хариулах юм байна.

Уг нь Монгол Улсын сонгуулийн насны иргэн бүр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар зөвхөн “Тийм, Үгүй” гэж сонгох бус өөр бусад санал бодлоо илэрхийлэх эрхтэй.

Туркт сар гаруйн өмнө Үндсэн хуулийнх нь өөрчлөлтийн талаар бүх нийтийн санал асуулга явагдсан. Төсөлд нь 18 зүйл заалт байсан хэдий ч зөвхөн  “Тийм, Үгүй” гэсэн хоёр сонголтын аль нэгийг иргэд нь хийсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэд хэдэн заалт нь ерөнхийлөгч Т.Эрдагоны эрх мэдлийг нэмэгдүүлэхэд оршиж байв. Ингээд Туркийн сонгуулийн насны 55 сая иргэний 44 сая нь санал өгч, түүнээс 51.5 хувь нь “Тийм” хэмээн хариулсан байдаг. Ингэж Турк улс Ерөнхийлөгчийн засаглалтай болсон. Энэ талаар барууны хэвлэлд бичихдээ Туркийн санал асуулга ихээхэн будлиан, маапаан дунд болсон гэж байна. Үндсэндээ Т.Эрдагон Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд яаж ийгээд “ялсан” гэсэн үг.

Үүн лугаа удахгүй манайд болох санал асуулга яг ямар байдалтай болох нь эхнээсээ эргэлзээ дагуулчихлаа. Энэ зуурт сөрөг хүчин АН-ын харьяалал бүхий зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй хэмээн хэдэн сарын өмнөөс хэлж яриад байгаа. Гэвч ийм санаачлига, сэдлийг одоо хийх гэж буй өөрчлөлтөд тусгана. Эсвэл тусгах эсэхийг хэлэлцэнэ гэвэл гонжийнжоо гэдэг нь тов тодорхой харагдаж байна.

Хамгийн тодорхой нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж магадгүй гэдэг бэлтгэлийг эрх баригчид маш сайн хангаад байна. Гэхдээ тэд “хүсвэл” энэ өөрчлөлтийг хийхгүй байж магадгүй.

Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хэрхэн гарахаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх санал асуулгын дүн яаж гарах нь шалтгаалах болчхоод байгаа юм. Тайлбар нь тун энгийн. Өөрчлөлтийн гол агуулга нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлэх шүү дээ. Тиймээс, хэрвээ “тэр” Ерөнхийлөгч болбол Ерөнхийлөгчийн эрх мэдэл Үндсэн хуульд өнөөдрийнхөөрөө үлдэх учиртай болж байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийг хөндөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, санал асуулгын дүн “Үгүй” гэж гарах болчхоод байгаа юм.

Ийм л учраас ажиглагч, судлаачид хийгээд учир мэдэх хүмүүс “... Дүр эсгэсэн санал асуулга явагдана” гэж хэлээд байгаа ажээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.