Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ариана Грандегийн концертийн үеэр дэлбэрэлт болж 19 хүний амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Английн Манчестер хотод Даваа гарагийн үдэш АНУ-ын поп дуучин Ариана Грандегийн тоглолт болох үеэр дэлбэрэлт болж, 19 хүний амь үрэгдэн 50 орчим хүн шархджээ.

Уг хэргийг террорист халдлага гэж дүгнэж байгаагаа Британий цагдаа мэдээлсэн байна. Тоглолт 21,000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд болж байжээ. Үзэгчдийн дотор олон тооны хүүхэд байсан гэнэ. Тоглолт болсон Манчестер Арена нь 1995 онд нээгдсэн, Европын хамгийн том спорт урлагийн битүү байгууламж юм.

Дуучны биед аюул учраагүйг төлөөлөгч нь мэдээлжээ. Ариана Гранде “Dangerous Woman” нэртэй гурав дахь цомогтоо зориулж, аялан тоглолт хийж байгаа юм. Аялан тоглолт 2017 оны хоёрдугаар сард Аризона мужийн Финикс хотод эхэлжээ.

Манчестерээс эхлэх аялал нь Европын Бельги, Польш, Герман, Швейцарь, Франц улсуудаар үргэлжлэх юм. Цаашлаад Бразил, Чили, Аргентин, Коста Рика, Мексик, Япон, Тайланд, Филиппин, Шинэ Зеланд, Австрали улсуудаар ирэх зуны турш тоглолт хийхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Reuters