Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад Японы зургаан иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчид Япон улсын зургаан иргэнийг хууль бус үйл ажиллагаа явуулсан шалтгаанаар баривчилсныг тус улсын гадаад хэргийн яам Даваа гарагт мэдээллээ.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь “Холбогдох албаныхан Японы зургаан иргэнийг Хятад улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа” гэж мэдэгджээ. Мөн энэ талаар Японы консулын газарт мэдэгдсэн гэнэ.

Хуа Чунинь үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бол Киодо мэдээллийн агентлаг тэднийг тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн гэж мэдээлжээ. Зургаан иргэний гурав нь Шандон мужид, үлдсэн гурав нь Хайнань мужид баривчлагдсан байна. Эдгээр мужуудад Хятадын тэнгисийн хүчний гол боомтууд байрладаг юм.

Тэдгээр иргэдийг өнгөрсөн гуравдугаар сард баривчилсан байна. Хайнаниас баригдсан 20-50 oрчим насны гурван хүн тус мужид халуун рашаан байгуулах ажлаар ирээд байжээ. Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихиде Суга зургаан иргэн нь баривчлагдсан тухай Хятадын талаас мэдээлснийг батлаад тагнуулын хэрэгтэй холбоотой гэх ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Хятад улс сүүлийн жилүүдэд гадаадын тагнуулын ажиллагааг илрүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн Ням гарагт Нью Йорк Таймс сонинд мэдээлэхдээ 2010-2012 оны хооронд Америкийн арав гаруй тагнуулыг Хятадад баривчилж, тус улс дахь АНУ-ын тагнуулын сүлжээнд ноцтой хохирол учруулсан тухай баримт дэлгэжээ.

Хамгийн сүүлд 2015 оны есдүгээр сард Хойд Солонгостой хиллэдэг Ляонинь мужид Японы хоёр иргэнийг тагнуулын хэрэгт холбогдуулан баривчилж байв. Өнгөрсөн сард Бээжин хотын захиргаа гадаад тагнуулын талаар мэдээлэл өгсөн иргэндээ 500,000 хүртэл юаний ($73,000) шагнал олгох журам гаргасан юм.

Хятад улсын хүч нөлөө нэмэгдэх тусам гадаад орнуудаас явуулах тагнуулын ажиллагаа эрчимжиж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post