Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дутертэ өөрийн “баатар” Путинтай уулзахаар Оросыг зорилоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ өнөөдөр буюу Даваа гарагт ОХУ-д айлчлахаар ниссэн байна.

Таван өдрийн айлчлалаар Дутертэ хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах, удаан хугацааны холбоотон АНУ-аас хамаарлаа бууруулах зорилготой байгаа юм. Пүрэв гарагт Дутертэ өөрийнхөө “баатар” хэмээн хүндэлж явдаг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана. Өнгөрсөн Баасан гарагт Дутертэ ярихдаа айлчлалын нэг гол зорилго нь нарийвчилсан тусгалтай бөмбөгийг Оросоос авч, өмнөд Филиппинд үүрлэсэн Исламын зэвсэгт бүлгийн эсрэг ашиглах гэжээ.

Дутертэ “манайд олон орчин үеийн бөмбөг байгаа ч байгаа яг онож чадахгүй байгаа” гэж айлчлалын зорилгын тухай ярихдаа хэлжээ.

Дутертэ олон арван жилийн турш түнш нь байгаа, өмнө нь тус улсыг колоничолж байсан АНУ-тай жил бүр хийдэг цэргийн сургуулилалтынхаа тоо, далайцыг бууруулж, Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл хийхээс татгалзаж, Америк цэргийг Филиппинээс гарахыг уриалах болсон юм.

Тэрээр гадаад бодлогодоо дан ганц Вашингтоныг түшихээ больж, Москва, Бээжинг шинэ түншээрээ сонгоод байгаа.

Дутертэгийн хар тамхины эсрэг дайныг Обамагийн үед Вашингтон хатуу шүүмжилж байсан бол Орос, Хятад улсууд огт буруушаагаагүй юм.

Өнгөрсөн онд Бээжинд айлчилсан Дутертэ Филиппинийг АНУ-аас салгаж байгаагаа зарласан. Өөрийгөө социалист үзэл бодолтой гэдэг Дутертэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Перуд болсон Ази, Номхон Далайн орнуудын чуулган дээр Путинтай анх нүүр тулж уулзаж байв.

Тэр үед Дутертэ Путинд “Анхнаасаа би барууны ертөнцтэй ойр байсан хүн. Гэвч сүүлд би барууныхан жижиг үндэстнүүдийг хэрхэн дарамталж, сүрдүүлдгийг мэддэг болсон юм” гэж ярьж байжээ.

Үүнээс хойш Оросын тэнгисийн цэргийн хоёр ч хөлөг онгоц Манилад зочилсон байна.

Өнгөрсөн сард Манилад ирсэн Оросын пуужин тээвэрлэгч Варяг хөлөгт зочилсон Дутертэ “Оросуудтай хамт байхдаа би хэнээс ч айхгүй” гэж хэлж байжээ.

Филиппин-Оросын дипломат харилцаа 41 жилийн өмнө эхэлсэн ч Дутертэг засгийн эрхэнд гарах хүртэл идэвхгүй хэмжээнд байсан юм. Өнгөрсөн жил Филиппиний Оростой хийсэн худалдаа $226 сая байсан бол АНУ-тай $18 тэрбумын худалдаа хийжээ.

 

Эх сурвалж: AFP