Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Данзанноров: Эрүүгийн хуулиар ял, шийтгэлийн бодлогыг уян хатан болгосон

ikon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Монгол өмгөөлөл” хууль зүйн фирмийн Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч Л.Данзанноровтой шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн талаар ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан.  Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ Эрүүгийн хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ. Шоронжсон хууль хэвээрээ гарлаа, хүний эрхийг дордууллаа гээд янз бүрийн л  тайлбар гарч байна. Таны байр суурь ямар байгаа бол? 

-Эрүүгийн хууль бол хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон нийтийн ашиг сонирхол, нийгмийг гэмт халдлагаас хамгаалахад хамгийн гол нөлөө үзүүлэх суурь хууль. Энэ ч утгаараа нийгмийн анхаарлыг ихээхэн татаж хүмүүс янз бүрийн байдлаар байр суурь илэрхийлж байна.  Удахгүй мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүний эрхийг дордуулсан, одоогийн мөрдөж байгаа хуулиас хатуу хууль болсон гэдэгтэй би огт санал нийлэхгүй.  Хуульд хүний эрхийн талаасаа ахиц дэвшил авчирсан зарчмын шинжтэй зохицуулалтууд олон тусгагдсан. 

-Дэвшилттэй зохицуулалтууд орсон гэдгээ илүү тодруулаач.  Үзэл баримтлалын хувьд хамгийн чухал зохицуулалт нь юу вэ? 

-Хамгийн гол нь шинэ Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого уян хатан болж чадсан.  Өөрөөр хэлбэл, тодорхой  гэмт хэргүүдэд оногдуулах ял сонголттой  болсон. Ингэснээр  шүүхээс гэм бурууд яг тохирсон ял шийтгэл ялыг сонгон хэрэглэх,  гэм буруу, ял шийтгэлийн тэнцвэртэй байх, шударга ёсны зарчим хэрэгжих боломжтой боллоо.  Одоо дагаж мөрдөж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд ял шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэх боломж хязгаарлагдмал, зарим  түгээмэл үйлдэгддэг хэрэгт ямар ч сонголтгүйгээр хорих ял оногдуулах зохицуулалттай байсан нь “шоронжуулах” гэж хэлэгдэх шалтгааныг  нөхцөлдүүлсэн байх талтай.  Тухайлбал, бусдын биед хүнд гэмтэл учруулах, мөн зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг зэрэг харьцангуй түгээмэл үйлдэгддэг  хэргүүдэд өөр төрлийн ялын сонголтгүй,  зөвхөн хорих ялтай байсан. 

Ялын сонголтгүй ийм байдлаас хорих ял биечлэн эдэлж байгаа хүмүүсийн тоо эрс ихэсдэг. Сүүлийн жилүүдийн дунджаар 7,000 гаруй хүн хорих ялаар шийтгэгдсэн гэсэн судалгаа байдаг.  Мөн хорих ялаар шийтгэгдээд суллагдсан хүмүүсийн  бараг тал хувь нь  эргээд гэмт хэрэгт  холбогдон шалгагдсан байдаг.  Эндээс үзэхэд хорих ялын үр нөлөө тийм ч сайнгүй байгаа нь харагдана л даа. Хоригдол ихэсч байгаа нь шүүгч нар хатуу шийтгээд байгаадаа биш, гарч байгаа хэргийн байдал онц байгаадаа ч биш. Харин тусгай ангид заасан  тодорхой хэргүүдэд оногдуулах ялын сонголтгүйгээс ихээхэн хамааралтай юм.  Иймд заавал хорьж, шийтгэхгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломжийг хуульчилж, шинэ төрлийн ялыг хуульд тусгаж өгсөн нь яах аргагүй томоохон дэвшил.  

Дараагийн гол зүйл нь ялын дээд болон доод хэмжээний хоорондын зай ихэссэн.  Өмнө нь 5-8 жилийн ял оногдуулах ялтай зүйл анги байлаа гэхэд 2-8 жилийн ял оногдуулахаар болсон байх жишээтэй.  Ингэхээр гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах боломж улам илүү бүрдэнэ гэсэн үг.  
Хуульд тусгагдсан чухал зохицуулалтын нэг нь өсвөр насны буюу 14-18 настай хүнд оногдуулах ялын бодлогыг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн одоогийнхоос өөрөөр авч үзсэн.  Шинэ хуулиар өсвөр насны хүнд  зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар  шийдвэрлэсэн тохиолдолд  насанд хүрсэн хүнд оногдуулах ялаас хоёр дахин багасгахаар тусгасан. 

ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАХДАА ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛСӨН ЭСЭХИЙГ ХАРГАЛЗАН,  ЯЛЫГ ХУУЛЬД ЗААСНААС ХӨНГӨРҮҮЛЭХ НӨХЦЛИЙГ ЗААСАН

-Гэм буруутан нь ялаа аваад явдаг, хохирогч нь хоосон хоцордог байдал түгээмэл байдаг.  Шинэ  эрүүгийн хуулиар  хохирогч нарын хохирлыг нөхөн  төлүүхэд ямар нэгэн дэвшил гарсан уу?

-Энэ асуудал дээр ахиц гарна гэж би үзэж байгаа . Учир нь гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа хохирол нөхөн төлсөн эсэхийг харгалзан,  ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэх нөхцлийг заасан. Хэрэгт холбогдсон хүмүүст  учруулсан хохирлоо  сайн дураараа нөхөн төлснөөр  ялаа багасгуулах, зарим хөнгөн хэрэгт  холбогдсон тохиолдолд ял хариуцлагаас чөлөөлөгдөх боломж ч байгаа. Тухайлбал, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах, ялаас чөлөөлөх, мөн албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг хуульд шинээр тусгаж өгсөн.  Гэм буруугийн асуудлаар маргаагүй тохиолдолд  тухайн хүн хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн бол зарим хөнгөн хэрэгт  хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх,  тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжийг хуульд нээсэн.  Мөн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэмжээнээс багасгаж, ял оногдуулах боломжийг хуульчилсан. 

Одоо мөрдөгдөж байгаа хуульд хүнд болон онц хүнд хэрэгт холбогдсон хүн хохирлоо нөхөн төлсөн эсэхээс үл хамааран  ялаа биечлэн эдэлдэг байсан учир хэрэгт холбогдсон хүмүүс төлсөн ч төлөөгүй ч ялгаагүй гэсэн байдлаар хандах хандлага түгээмэл байсан.  Нэгэнт хэргийн газар дээр нь илрүүлэн баривчилсан тохиолдолд  гэм буруугаа хүлээгээд, хохирлоо нөхөн төлөөд, ял шийтгэлээ багасгах боломжийг хэн ч бодох байх л даа.  Ийм  тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь илүү хялбаршуулж, цаг хугацаанд хэмнэлттэйгээр шийдвэрлэж, шүүгч хэрэг  хянан шийдвэрлэх  ажиллагааг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ачааллыг багасгах заалт шинээр батлагдсан хуульд орсон. 

- Шинэ хуулиар ямар төрлийн ялыг шинээр тусгаж өгсөн бэ.  Зорчих эрхийг хязгаарлах хууль өмнө нь манайд байсан уу. 

-Зорчих эрхийг хязгаарлах ял цоо шинээр нэмж тусгагдсан.  Агуулга нь эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин байгаа газраасаа явахыг , мөн тодорхой нэрлэн заасан газруудад очихыг хориглох,  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг үүргийг хүлээлгэнэ гэсэн үг. Энэ ялын хэрэгжилтэд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хяналт тавина.

Шүүх шаардлагатай гэж үзбэл  хэргийн нөхцөл байдал, хэрэгтний хувийн байдлыг харгалзан ял шийтгэгдсэн этгээд бусдад аюул учруулж болзошгүй гэж үзбэл  тодорхой хүнтэй уулзах, харилцахыг хориглох талаар ч шийдвэртээ тусгаж болохоор зохицуулсан.  Жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдийг хохирогч  эхнэртэй нь уулзуулахгүй байх гэхмэтчилэн  тухайлан заах боломжтой.  Энэ ялыг биелүүлээгүй бол ялыг нь хорих ялаар сольж, чангаруулах өөрчлөх зохицуулалт байгаа.  

Ялын хэрэгжилтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага техникийн дэвшлийг ашиглан электрон гав зэргийн тусламжтайгаар  хяналтаа тогтоох байх.

АЖ АХУЙН НЭГЖ БОЛГОНЫГ ГЭМТ ХЭРЭГТ ТАТААД ДАМПУУРУУЛААД БАЙНА ГЭЖ ХАВТГАЙРУУЛЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ

-Хуулийн этгээдэд оногдуулах ялын асуудлаар нийгэмд зөрүүтэй ойлголт байна.  Олон аж ахуйн нэгжүүдийг дарамтанд оруулах, татан буулгах хууль болж байна гэсэн ойлголт байна л даа?

-Хуулийн этгээдэд ял оногдуулах, албадлагын арга хэмжээ  хэрэглэх асуудал яах аргагүй шинэ хуульд орсон, үзэл баримтлалын шинжтэй томоохон өөрчлөлт. Өмнө нь батлагдсан  шинэчилсэн найруулгад ашигт малтмал хууль бусаар  хайх олборлох,  монополь тогтоох, байгалийн тэнцэл алдагдуулах,  үнэт цаасны хууль бус арилжаа, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, терроризмийг санхүүжүүлэх гээд 60 орчим зүйл хэсэгт оногдуулахаар заасан байсан нь саяын нэмэлт өөрчлөлтөөр 10-ыг хассан.

Гэхдээ аж ахуйн нэгж болгоныг гэмт хэрэгт татаад дампууруулаад байна гэж хавтгайруулж ойлгож болохгүй. Хуулийн этгээдийг татан буулгах албадлагын арга хэмжээг террор хийх, бэлтгэх гэсэн 2 хэрэгт  хэрэглэхээр зохицуулсан байгаа.

-Торгуулийн нэгж гэсэн шинэ ойлголт бий болсон.  Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байдлаар зохицуулсан байсан.  Торгуулийн хэмжээг хүмүүсийн орлоготой уялдуулсан өмнөх хэлбэр нь зөв байсан юм биш үү?

-Энд зарчмын чухал асуудал хөндөгддөг юм.  Аливаа гэм буруутай хүнд ялыг нь зөвхөн эрүүгийн хуулиар оногдуулдаг.  Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван байгууллагын төлөөллөөс бүрддэг хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  Үндэсний хорооноос тогтоолоор баталдаг. Дээрх Үндэсний хорооноос  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх бүрт Эрүүгийн хууль “дам байдлаар” өөрчлөгддөг.  Үүнийгээ дагаад гэмт хэргийн ангилал, торгуулийн хэмжээ зэрэг нь өөрчлөгдөхөд хүрдэг.  Иймд торгуулийн нэгж гэж ойлголтыг хуульд шинээр оруулсан.

Инфляци, мөнгөний ханш зэргээс  хамаарч торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсвэл торгуулийн нэгжийг төгрөгтэй дүйцүүлсэн Эрүүгийн   хуулийн зүйл хэсэгтээ  тухай бүр өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой.  Торгуулийн нэг нэгж 2015 оны хуулиар 2,000 нэгж байсныг нь эдийн засгийн байдлыг харгалзан 1,000 төгрөгтэй тэнцүү байхаар хоёр дахин бууруулж оруулсан.  Ингэснээр Эрүүгийн хууль дахь торгуулийн хэмжээ торгох ял оногдуулахаар заасан зүйл анги болгон дээр  сая батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр 2 дахин буурсан гэсэн үг. 

-Шинэ Эрүүгийн хуулиар давтан, ялтай байдал онц аюултай гэмт хэрэгтэн гэх нэршлүүд байхгүй болсон гэлүү?

-Тийм ээ. Энэ ойлголтууд хуулиас хасагдсан нь дараах шалтгаантай.  Хүн үйлдсэн гэмт хэрэгтээ нэг удаа ял шийтгэгдэх ёстой.  Гэтэл үйлдсэн гэмт хэргийнхээ ял шийтгэлийг эдлээд дууссан хойно нь дараагийн өөр төрлийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ өмнө нь  шийдвэрлэсэн хэргийг ахин сөхөж,  өмнөх үйлдлээр ялыг нь хүндрүүлдэг, хүний эрх зүйн байдлыг илтэд дордуулдаг  байдлаа энэ удаа өөрчилсөн нь зөв гэж би хуульчийн хувьд үзэж байгаа. 

-Эрүүгийн хуулиас эх орноосоо урвах заалтыг авсан байна гэдэг шүүмжлэл гарсан.  Үнэхээр тэр заалтыг нь авчихсан юм уу. 

-Эх орноосоо урвах гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ заалт шинээр мөрдөгдөх Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаа.  Хасагдсан зүйл байхгүй. 

 

Ярилцсан Э.Энхболд