Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Донорын хууль шинэчлэгдэж байж зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгадаг болно"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол эмч нар дэлхийн томоохон эмнэлгүүдэд хийгддэг эрхтэн шилжүүлэх зарим мэс заслыг эх орондоо амжилттай хийж байна. Тухайлбал одоогоор элэг, цусны чөмөг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон хийж, олон хүний алтан амийг авраад байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт анх удаа амьтны зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг тус эмнэлгийн хамт олон амжилттай хийгээд байна. Бид эрхтэн шилжүүлэх мэс заслын хөгжил, эмнэлгийн цаашдын зорилтын талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, Профессор, Анагаах ухааны доктор Б.Бямбадоржтой ярилцлаа.


-Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт одоогоор гурван төрлийн эрхтэн шилжүүлэх мэс засал хийгдэж байгаа. Хүнд хэцүү эдгээр мэс заслыг хийдэг болоход ямар хугацаа зарцуулж, хэрхэн ажилласан бэ?

-Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 2005 оноос эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр дорвитой, санаачлагатай хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нутагшуулах, хөгжүүлэх тал дээр нэлээн идэвх санаачлагатай ажилласан тул манай эмнэлэг өнөөдөр тодорхой үр дүнд хүрсэн.  

Эмнэлгүүд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас эхэлдэг. Энэ дагуу бид 2006 онд анх удаа хүнээс хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийснээс хойш өнөөдрийг хүртэл 130 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна.

Дараа нь элэг шилжүүлэн суулгах мэс засал руу ордог. Элэг шилжүүлэн суулгах мэс засал руу орох процесс 10-15 жил гээд янз бүр байна. Манай эмнэлгийн хувьд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлснээс хойш таван жилийн дараа анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь том амжилт гэж хэлж болно. Энэ нь манай эмнэлгийн менежментийн үр дүн, эмч нарын уйгагүй зүтгэл юм.

Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлэг бие даагаад Цусны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байгаа. Өнөөдрийг хүртэл дөрвөн тохиолдолд энэ төрлийн мэс засал хийгээд байна. Цусны чөмөг шилжүүлнэ гэдэг нь цусан дахь төлжилтийн үүдэл эсийг ялгаж, өөрт нь буцааж суулгадаг нарийн технологийн эмчилгээ юм. Энэ эмчилгээний үр дүнд цаашид эрхтнийг биш үүдэл эсийг хүнд суулгадаг технологийн эхлэл тавигдсан гэсэн үг.

-Мэдээж гадаадын туршлага, туслалцаа хэрэгтэй байсан байх. Аль улсын эмч нартай хамтран ажилласан бэ. Хүний нөөцөө хэрхэн сургав?

-Эдгээр эмчилгээг амжилттай хэрэгжүүлэхэд БНСУ-ын “Асан анагаах ухааны төв” чухал үүрэг гүйцэтгэсэн. “Асан сан”-гаас хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх сургалт, туршилтын зардлыг даасан. Жилдээ манай эмнэлэг гадаад харилцааны үр дүнд 100 гаруй хүнийг БНСУ, Энэтхэг, Сингапур зэрэг орнуудад сургаж байна. Энэ бүхэн бол өндөр технологи нутагшуулах, эмч, сувилагч нарыг хөгжүүлэх, эмчилгээ тусламжийн чанарыг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээ юм.

-Өнгөрсөн долоо хоногт Улсын Нэгдүгээр төв эмнэлэг анх удаа амьтанд буюу гахайн дээр зүрх шилжүүлэх мэс заслыг амжилттай хийсэн. Энэ үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?

-Эрхтнийг орлуулах эмчилгээний дараагийн зорилт бол зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгадаг болох юм. Үүний хүрээнд нэг жилийн өмнө Зүрх шилжүүлэн суулгах багийг эмнэлэг дээрээ байгуулж, зүрхний мэргэжлийн эмч нарыг гадаад, дотоодод сургах, бусад орны эмч нартай холбоотой тогтоох, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа хийх гэх мэт ажлуудыг хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт гахайн дээр зүрх шилжүүлэн суулгах анхны мэс ажилбараа амжилттай хийлээ. Цаашид энэ технологийг нутагшуулах ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна.

-Эрхтэн шилжүүлэх мэс заслыг өргөжүүлэхэд хууль эрх зүйн ямар орчин нөхцөл шаардлагатай байгаа вэ?

-Бид бэлтгэл ажлын хүрээнд Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж,  УИХ-д хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлэг хийгдсэн. Энэ нь зүрх, нойр булчирхай, уушги шилжүүлэн суулгах гэх мэт бусад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хууль эрх зүйн орчинг бий болгоно.

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа Монгол Улсад эрхтний донорын үндэсний тогтолцоо бий болох юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд бид тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон, бусад эрхтэн нь зохиомол амьсгалын аппаратны тусламжтайгаар хэвийн ажиллаж байгаа донороос 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Энэ асуудал одоо эрх зүйн хувьд сайдын баталсан журмаар зохицуулагдаад явж байгаа.

Гэхдээ элэг бөөрнөөс бусад эрхтнийг шилжүүлэн суулгахад заавал тархины үхэлтэй донороос тухайн эрхтнийг авч, шилжүүлэн суулгадаг. Тэгэхээр шинэчилсэн найруулгын хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд эрхтний донорын сүлжээ, хариуцсан нэгж Эрүүл мэндийн хөгжлийн төвд бий болж, нэгдсэн бүртгэлтэй болно. Ингэснээр донорын эх үүсвэр өргөн хүрээнд шийдэгдэж, зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хүн дээр хийгдэх бололцоо нээгдэнэ.

-Засгийн газрын хуралдаанаас эрхтэн шилжүүлэх мэс заслын төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Эрүүл Мэндийн Яам, Засгийн газраас эрхтэн шилжүүлэх мэс заслыг нутагшуулах тал дээр анхаарч ажилладаг. Бидний хувьд эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, энэ технологийг нутагшуулах удирдамжуудаа батлах тал дээр анхаарч ажиллаж байна.

Тоног төхөөрөмжөөр хангах тал дээр Засгийн газар, УИХ-аас нэлээн их анхаарч байгаа. Тухайлбал 2010 онд 600 сая төгрөг, 2012 онд 4.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг шийдэж өгсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгслүүдийг даадаг болсон. Тухайлбал элэг шилжүүлэн суулгах мэс засалд 17-18 сая төгрөг, чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд 26 сая төгрөг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 6 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас төлж байна. Үлдсэнийг нь иргэд өөрсдөө төлж байгаа.

Гэсэн хэдий ч энэ нь иргэдийн нуруун дээр ачаалал болж, зарим иргэд энэ технологийн үр шимийг хүртэж чадахгүй явсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэх харамсалтай тохиолдлууд гарсан хэвээр байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар цаашид эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний иргэд дээр үүсээд буй ачааллыг бууруулах тал дээр ажиллах санаачлага гаргасан байгаа.

Энэ чиглэлээр Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яам, Эрүүл Мэндийн Яамны ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Бид энэ хүрээнд хэд хэдэн төсөл бичиж, хэлэлцүүлэх ажил зохион байгууллаа. Тухайлбал эрхтэн шилжүүлэхэд хэрэглэгддэг, гадаадаас орж ирдэг тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, даатгалаас даадаг болгох, улсын төсвөөс даадаг болох гэх мэт хэд хэдэн хувилбаруудыг дэвшүүлсэн.

Тавдугаар сарын эхээр Эрүүл мэндийн сайд санаачилж Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон нийтийн ТББ-ууд, ЦССҮТ, ЭХЭМҮТ зэрэг байгууллагуудтай хамтран, мэс заслын зардлуудыг өөрсдийнхөө нөөц бололцоогоор гаргаж, иргэнээс төлбөр авалгүйгээр амжилттай хийсэн.  Энэ долоо хоногт мөн хавдартай хүнд өөрсдийнхөө дотоод менежмент, хамтын ажиллагаагаар дамжуулан иргэнээс мөнгө гаргахгүйгээр мэс засал хийхээр бэлтгэж байна.

Цаашид төрөөс зардлыг нь бүрэн даах шийдвэр гарч, албажаад явбал эрхтэн шилжүүлэх шаардлагатай хүмүүст хийх мэс заслын тоо нэмэгдэж, иргэдийн нуруун дээрх ачаалал хөнгөрөх байх гэж бодож байна. 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.