Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг ЗУРГАА ХҮРТЭЛХ САР түдгэлзүүлнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож, тус байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, өргөдөл, гомдлоо хүргүүллээ.

Энэ үеэр бид тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ШӨХТГ-аас тавих хяналтын талаар асууж тодруулсан юм. Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол бидэнд дараах мэдээллийг өглөө.  


-2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль сар гаруй хугацааны дараа болох гэж байна. Энэ сонгуулиар ШӨХТГ ямар хуулийн дагуу, ямар хяналт тавьж ажиллах вэ?

-2012 оны сүүлээс Сонгуулийн тухай хуулийн хоёр зүйл заалт дээр хяналт тавьж ажиллах чиг үүрэг манай байгууллагад ирсэн. Ингээд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуульд хяналт тавьж ажилласан.

Сонгуулийн тухай хуулиар хяналт тавьж ажилладаг хоёр заалт бий. Нэгдүгээрт 70.1.6 дугаар заалт, хоёрдугаарт 70.7 гэсэн заалтууд юм.

70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
70.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

70.1.6 дугаар заалтад хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн сонгуулийн жил эхэлснээр улс төрийн аливаа хэлбэрийн чансаа тогтоох зорилго агуулга бүхий үйл ажиллагааг явуулахыг хориглосон байгаа. Үүнээс гадна бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах гэсэн агуулга бий. Сонгуулийн жил нэр дэвшигчид өрсөлдөгчөө ялах арга нь өрсөлдөгчөө гүтгэн доромжлох, ор үндэслэлгүй харлуулах байдаг. Үүнийг Сонгуулийн тухай хуулиар хориглосон. 

70.7 дугаар заалтын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн сонгуулийн жил хаалтын гэрээ хийхийг хориглосон байдаг. Жишээ нь A, B, C гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа үед зөвхөн A, B нэр дэвшигчийн талаар мэдээлэл дамжуулж, C нэр дэвшигчийг дамжуулахгүй гэдэг асуудал байж болохгүй.

-Дээрх хоёр заалтыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Эдгээр зүйл заалтыг зөрчсөн нөхцөлд манайх зөрчлийг хянаж үзээд, улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, дүгнэлтийг холбогдох байгууллагуудад хүргэдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хяналт тавьдаг учраас бид дүгнэлтийг тэдэнд хүргүүлж ажилладаг.

Сонгуулийн тухай хуулиар ХХЗХ улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд хэрэв зөрчил гаргасан нь тогтоогдвол тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг зургаа хүртэлх сараар түдгэлзүүлэх арга хэмжээ авдаг.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гомдол одоогоор ирсэн үү?

-Яг одоогийн байдлаар гомдол ирээгүй. Тавдугаар сарын 25-наас Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлнэ.

-Өнгөрсөн хоёр сонгуулийн үеэр энэ асуудлаар хэр их гомдол ирсэн бэ?

-Өнгөрсөн хоёр сонгуулиар нийт 52 өргөдөл, гомдол ирсэн. Үүний зургаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Үлдсэн 46 нь 2016 оны УИХ-ын сонгуультай холбоотой.

-Иргэдийн зүгээс дээрх асуудлаар бие дааж ШӨХТГ-т хандах боломжтой юу?

-Хандах боломжтой. Бид аливаа мэдээллийг иргэдээс авч ажилладаг.

-ШӨХТГ шударга, улс төржихгүй шийдвэр гаргаж байгаа юу?

-Энэ бол төрийн байгууллага. Төрийн жинхэнэ албан хаагчид энд ажилладаг. Хуулиараа төрийн жинхэнэ албан хаагч улс төрөөс ангид байх ёстой. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.