Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг эрс буурчээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд урамшилт эргүүл ажиллаж эхэлснээр гэмт хэргийн гаралт, ялангуяа гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. 2017 оны эхний дөрвөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 16 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буурсан дүн гарчээ.

Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 34, дээрэмдэх 17, бусдын эд зүйл хулгайлах 28.8, танхайрах гэмт хэрэг 20 хувиар тус тус буурсан байна. Энэ дүн мэдээнээс харахад хэв журмын урамшилт эргүүл ажиллуулсан нь үр дүнгээ өгч буй нь харагдаж байгаа юм.  

Сургууль цэцэрлэгийн бага насны хүүхэд зам тээврийн осол өртөх явдал эцэг эхчүүд төдийгүй нийслэлчүүдийн санааг зовоосон асуудал. Үүнийг шийдэх, багасгахад урамшилт эргүүл багагүй үүрэг гүйцэтгэх болсон байна. Тухайлбал, урамшил эргүүл нь эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд сургууль, цэцэрлэгийн эхлэх, тарах цагуудад бага насны хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, 2,148 бага насны хүүхдийг зам хөндлөн гарахад тусалж, сургуулийн нийгмийн ажилтан болон эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Аюулгүй хот” төслийн хүрээнд “Эргүүл” дэд хөтөлбөр хэрэгжиж буй.

“Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий хэв журмын урамшилт эргүүлүүд давхардсан тоогоор 23,244 хүн цагийн эргүүл гүйцэтгэжээ. Үүрэг гүйцэтгэх явцадаа 6.3 мянган иргэн, 987 аж ахуйн нэгжид яриа хийж иргэдийг мэдээллээр ханган, гэмт хэрэг зөрчлийн талаар өгсөн 2468 мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулснаар иргэдийн өмчийг хулгайлах 7 гэмт хэрэг, 518 зөрчлийг илрүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 141 этгээдийн талаар мэдээлэл өгч, цагдаагийн байгууллагын судалгаа хяналтад авахуулсан байна. 

Эргүүлийн алба хаагчид иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 36 мянга орчим дуудлага мэдээлэл хүлээн авч, 79 гэмт хэргийг халуун мөрөөр нь, 84 гэмт хэргийг таслан зогсоон илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 51 оргодлыг олж тогтоосон байна.