Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэрвээ эмч нарт мөнгөө өгч амжсан бол ДҮҮ МИНЬ өнөөдөр АМЬД байх байсан ч юм билүү..."

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 23
iKon.MN

“Биднийг хагалгааны өрөө рүү ороход талийгаачийн аманд нь ямар ч гуурс байхгүй, ам, хамар руу нь бинт хийчихсэн, гар нь цэл хүйтэн байсан. Хоёр эмч цээжин дээр нь массажаар хиймэл амьсгаа хийж байсан. Ямар ч амьсгал дэмжих аппарат байхгүй.

Дүүг минь өнгөрсний дараа биднийг оруулсан байх гэж сэжиглэж байгаа. Тэгээд бидний нүдийг хуурах гэж л хиймэл амьсгаа хийж байгаа дүр үзүүлсэн байх" гэж гурав дахь хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байхдаа учир битүүлгээр нас барсан Б.Энхчимэгийн ах Б.Энхбаяр ярилаа. 

Эрүүл саруул хоёр хүүхэд төрүүлсэн эх, гурав дахь хүүхдээ төрүүлхээр Нийслэлийн Хоёрдугаар Амаржих Газарт очоод амиа алдсан хэрэг энэ сарын 3-ны өдөр гарчээ. Эмэгтэйг амьсгал хураах үед хүүхдийг нь кесеров хагалгаагаар төрүүлсэн ч охины бие одоо маш хүнд байдалд байгаа гэнэ. Хүчилтөрөгчийн дутмагшлаас үүдэн тархи нь ажиллагаагүй төрсөн гэж эмч нар хэлжээ. Охин төрсөн цагаасаа хойш байнгын таталттай, хөхөх, уйлах рефлексгүй, гуурсаар хооллож байгаа аж.

Эмч нарын хэлж буйгаар цаашид охин жирийн хүүхэд шиг эрүүл өсөхөд хүндрэлтэй, маш их халамж, сувилгаа, эмчилгээ шаардагдсан хүүхэд болно гэж анхааруулж буй гэнэ.

Энэ хэргийн талаар бид талийгаачийн нөхөр Н.Баттөмөр болон ах Б.Энхбаяр, эгч Б.Энхжаргал нартай нь уулзаж ярилцсан юм.
 

Талийгаач Б.Энхчимэг нь жирэмсэн байхдаа ямар нэгэн хүндрэл өгч байгаагүй, тээлт хэвийн, жирэмсний эхний болон хожуу үеийн хордлогод ч ордоггүй байсан гэж түүний нөхөр ярьж байв.

Талийгаач тавдугаар сарын 1-нд хэвтэх бичиг аван дүүргийнхээ харьяа эмнэлэг болох Нийслэлийн II амаржих газарт хэвтэхээр очжээ. Очиход дотуур үзлэг хийж, эмч нар “41 недель арай болоогүй байна. Маргааш гэхэд 41 болчихно. Өнөөдөр ор байхгүй. Маргааш ирээд хэвт” хэмээн буцаажээ.

Маргааш өглөө нь буюу тавдугаар сарын 2-нд талийгаач нөхөртэйгөө цуг эмнэлэгт хэвтэхээр очжээ.

Тэр өдрийн болсон үйл явдлыг талийгаачийн гэр бүл ийнхүү ярив.

09:00-10:00 цагийн үед эмнэлэгт очсон.

15:00 цагт эхнэртэйгээ утсаар ярихад “Ор байхгүй гээд коридорт зогсож байна. Ор гарахаар тасагт оруулах байх” гэв.

18:00 цагийн үед эхнэр залгаж “Эмч дотуур үзлэг хийж байгаад миний усыг хагалчихлаа. Орой сэдээх эм тавина гэсэн. Тэгээд өглөө 06 цаг хүртэл төрөхгүй бол дусал хийж төрүүлнэ гэсэн”.

23:00 цагийн үед эм тавьсан.

01:00 цагийн үед залгахад “Эм тавьсны дараа жаахан дуншиж өвдөх янз ороод больчихлоо”.

05:00 цагийн үед залгахад “Хэвэндээ л байна. Одоо дусал хийх байх даа”.

08:30 цагийн үед залгахад “Эмч нар ээлжээ хүлээлцэж байна”.

09:14 цагт эхнэр залгаж “Доошоо юм гараад байна. Хоёр ширхэг памперс аваад ир” гэсэн. (Талийгаачтай ярьсан хамгийн сүүлийн яриа)

Ингээд захисан зүйлийг нь маш хурдан авчирж өгч, сувилагчаар оруулуулсан.

09:40 цагаас хойш хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй.

10:10 цагийн үед хүмүүс бужигналдаж эхэлсэн. “Ягаан бэлтгэлийн өмд, ягаан табчиктай эх цээжнээсээ дээш хөв хөх болоод ухаан алдаад уначихлаа. Эмч нар дээшээ аваад явчихлаа” гэсэн

10:20 цагийн үед нэг цагаан халадтай хүн гарч ирээд “Энхчимэгийн ар гэрээс хүн байна уу. Ар гэрийнхнийг нь яаралтай дууд” гэсэн. Эхнэрийн ах, эгч маш хурдан ирсэн.

10:27 цагт ”Хүүхэд төрсөн" гэж бүртгэсэн.

10:40-10:50 цагийн үед эргэлтийн хаалгаар дотогш өрөөнд оруулж “Энхчимэгийн бие маш хүнд байна. Мэс заслын үйл ажиллагаа явагдаж байна. Та нар таньж мэддэг лам хуврагадаа хэлээд, хамаатан саднаа бүгдийг нь цуглуулаарай. Өргөж, цацдаг юм байвал цацаж, өргөөрэй” гэсэн.

13:30 цагийн үед өөр эмч уулзаж “Энхчимэг бол маш хүнд. 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй хүн байна. Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ураг орчмынх нь шингэн судсаар нь гүйгээд бөглөрөл үүссэн. Тэрнээс болоод цус нь бүлэгнэхгүй, гарах боломжгүй бүх л газраар нь цус нь садраад тогтохгүй байна. Бид савнаас нь тайрч аваад оёсон ч оёдлоор нь цус шүүрээд байна. Булчин хэсгүүдийг нь оёсон ч цус тогтохгүй байна. Амьдрах найдвар тун бага. Хүүхдийг нь хагалгаагаар төрүүлсэн. Хүүхдэд нь ч гэсэн их хүнд байгаа. Хүүхдийнх нь зүрхний цохилт маш сул, ганц хоёр цохилох төдий л байна. Төрөл төрөгсдөдөө хэлээрэй” гэжээ.

Эмч нар хоёр удаа л гэрийнхэнтэй нь уулзсан байна. Биеийн байдал ямар байгааг асуух үед “Мэс засал хийгдэж байна” гэдгээс өөр хариулт өгөхгүй байв.

14:50 цагийн үед хагалгааны өрөө рүү талийгаачийн гэр бүлийнхнийг оруулжээ.

Тэр үед талийгаач аль хэдийн  ухаангүй хамар, амандаа бинттэй,  эмч нар гараараа цээжин дээр нь хиймэл амьсгаа хийж байгаа байдалтай байжээ.

15:44 цагт “Нас барсан” гэж эмнэлэгийн карт дээр бүртгэсэн. Шалтгаан нь "Ургийн шингэний бөглөрөл" гэсэн оноштой байжээ.

 
Эргэлзээ

1. Амьсгалын аппаратгүй хиймэл амьсгаа хийж байсан

Энэ талаар ах Б.Энхбаяр “Биднийг хагалгааны өрөө рүү ороход талийгаачийн аманд нь ямар ч гуурс байхгүй, ам, хамар руу нь бинт хийчихсэн, гар нь цэл хүйтэн байсан. Хоёр эмч цээжин дээр нь массажаар хиймэл амьсгаа хийж байсан. Ямар ч амьсгал дэмжих аппарат байхгүй.

Дүүг минь өнгөрсний дараа биднийг оруулсан байх гэж сэжиглэж байгаа. Тэгээд бидний нүдийг хуурах гэж л хиймэл амьсгаа хийж байгаа дүр үзүүлсэн байх. Ер нь эмч нар маш их цаг алдаж, дүүг минь цус алдуулж алдуулчихаад л ухаан алдахад нь л хөдөлж эхэлсэн гэж бодож байна. Тэр үед нэгэнт оройтсон байсан байх. Тэгээд ар гэрийнхнээс нь айхдаа шаардлагатай бүр арга хэмжээг авч байгаа дүр үзүүлсэн байж болзошгүй. Ер нь бол дүү минь ухаан алдаад нэг их удалгүй л өнгөрсөн байх” гэв.

2. Цус алдаж байх үед дусал хийж байсан

Талийгаач 09:14 цагийн үед доошоо юм гараад байна хэмээн памперс захих үед цус алдаж байсан гэж талийгаачийн гэрийнхэн дүгнэж буй. Гэтэл яг тухайн үед талийгаачтай ойр орчимд нэг тасагт байсан ээж нар "Дусал хийлгэж байгаад гэнэт ухаан алдсан" хэмээн хэлсэн байна. Тэгэхээр цус алдаж байхад нь дусал хийж байсан болж таарч байна. Харин цус алдаж байгаа тохиолдолд дусал хийж болохгүй, яаралтай хагалгаа хийх заалттай байдаг аж.

3. Үг үйлдэл зөрж байна

Эгч Б.Энхжаргал "Дүү минь өмнөх орой нь нөхөр рүүгээ “Ус хагалчихлаа” гэж ярьсан байдаг. Гэтэл эмч нар өглөөний 07:00 цагт усыг нь хагалсан гэж хэлж, тэмдэглэсэн байгаа юм. Хоёр удаа төрсөн хүн чинь ус гарч байгаа эсэхээ мэднэ шүү дээ. Анхны төрөгчид бол магадгүй төөрч, будилна гэхсэн. Гэхдээ усыг нь хагалахдаа их өвтгөсөн байж магадгүй гэж бодоод байна. Хэр баргийн юманд уурладаггүй, их тайван хүн шүү дээ. Тэр үед нэг алдаа гарсан байх магадлалтай. Магадгүй усыг нь хагалах гэж байгаад ихэсийг нь гэмтээж, ховхолсон ч байхыг үгүйсгэхгүй" гэв.

4. Эмч нар талийгаачийн карт дээр засвар хийсэн

Эгч Б.Энхжаргал "Сонгинохайрхан дүүргийн 10 буудалд байдаг амбулаторид дүү маань хяналтад байсан юм. Гэтэл дүүг маань өнгөрсний дараа хяналтынх нь эмч II амаржих газар дээр ирээд охиныг нь аргалж байгаад талийгаачийн картыг эх хувиар нь авсан байгаа юм. Охин нь өгөхгүй гэхэд нь “Та нарт л туслах гэж байгаа юм. Канондуулчихаад л аваад ирье” гээд авсан байна лээ. Гэтэл тэр картынх нь эх хувь дээр засвар хийж, нэмэлтээр баахан юм биччихээд канондоод авчирч өгсөн. Тэрийг нь яаж мэдсэн бэ гэхээр миний дүү надтай байнга чат бичдэг байсан. Тэгэхдээ эмч ийм юм бичиж өглөө гээд картынхаа зургийг авч явуулдаг байсан. Гэтэл миний утсан дээр байгаа талийгаачийн хяналтын карт эх хувьтайгаа зөрж байна.

 
Хэргийг шалгуулахаар Цагдаагийн хэлтэст хандсан

Дээрх баримтууд дээр үндэслэн талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоохоор ар гэрийнхэн нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа аж. Хэргийг тавдугаар сарын 5-нд шалгуулахаар өргөдөл өгсөн ч одоог хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрсээр байгаа юм. 

Мөн талийгаачийг өнгөрөхөд Эмгэг, судлалын хүрээлэнгийнхэн цогцсоос дээж авч, шинжилгээ хийсэн байна. Гэвч гэрийнхэн нь үнэн зөв дүгнэлт гаргасан эсэхэд эргэлзэж Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хандсан байна. Шинжилгээний хариу 10-14 хоногийн дараа гардаг тул хүлээгдэж байгаа юм байна. 

Энэ талаар ах Б.Энхбат "Бид энэ асуудлаар хөөцөлдөөд явахад алхам тутамд хүнд суртал гарч ирж байна. Бид ардаа ажил төрөлтэй амьдралтай хүмүүс. Гэтэл цагдаагийн байгууллага их удаан ажиллаж байна. Бидний өмнөөс хэргийн ул мөрөөр явж байх ёстой байтал, өргөдөл өгчихсөн хүлээгдэж байгаа гэх мэтээр тайлбар тавьж байгаа нь асуудлыг хуучруулж, удаашруулж байна. 

Жишээ нь, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хандахад цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор шинжилгээ хийдэг гэсэн. Ингээд цагдаад хандахад ШШҮХ-гээр шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн. Тэр үед бас амралтын өдөр таарсан байсныг ч хэлэх үү, ер нь боломжгүй гэдэг хариуг сонссон л доо. Гэтэл бид Даваа гарагийн өглөө талийгаачийгаа хөдөөлүүлэх байсан юм. Ингээд арга мухардаад дүүргийн прокурор Амгаланбаатарт хандахад бидний асуудлыг маш шуурхай шийдээд, ЭХЭМҮТ-ийн шарил хадгалах газраас ШШҮХ-рүү шилжүүлж задлан шинжилгээ хийлгүүлсэн.

Хэрэв цагдаад найдаад бид хүлээгээд суусан бол Шүүх эмнэлгийн задлан ч хийгдэхгүй байлаа. 

Өчигдөр л гэхэд бид прокурорт хандсан. Гэтэл прокурор "Энэ хэрэг над дээр тавдугаар сарын 9-нд ирсэн юм байна. Би мэдээгүй байсан байна" гэж байсан. Өөртөө ирсэн хэргийг мэдээгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Ийм л хойрог хандаж байна" гэлээ.

Энэ хэрэг миний дүүгээр дуусаасай

Талийгаачийн нөхөр Н.Баттөмөр эхнэрээ төрөх эмнэлэгт хэвтүүлэхдээ халаасанд нь 50,000 төгрөг хийгээд “Хэрэг болох байх. Эмч нартаа өгөөрэй. Өөр мөнгө төгрөг хэрэг болбол хэлээрэй” гээд оруулжээ. Гэвч талийгаачийн хувцаснуудыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөд мөнгөө хэрэглэж амжаагүй байсан гэнэ.

Эгч Б.Энхжаргал "Магадгүй дүү маань өвдөөд мөнгөө өгөх ч сөхөөгүй байсан байх. Хэрвээ өгсөн байсан бол өнөөдөр амьд байх байсан ч юм билүү гэж бодох юм. Өнөөдөр бид хэчнээн заргалдаад дүүгээ босгоод авч чадахгүй ч гэлээ цаашид ийм хэрэг дахиад гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Мөнгө өгсөн хүнд сайхан ханддаг тогтолцоо нэгэнт л бий болсон байна. Энэ тогтолцоо байгаа цагт дахиад нэг эх эндэхийг үгүйсгэхгүй. Холбогдох албан тушаалтнууд энэ тал дээр анхаараасай. Энэ хэрэг миний дүүгээр дуусаасай".

Харин бид энэ талаар II амаржих газраас тодруулга авах гэж оролдсон боловч хариуцах эмч нар нь эзгүй байна гэсэн шалтгаанаар уулзсангүй.