Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мэргэн: Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 5 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Үүгээрээ тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноороо Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнийг урилаа.

Одоо:

  • Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал

Өмнө нь:

  • “Вагнер Ази автомотив” компанийн захирлын албыг хашиж байсан. Тэрбээр энэ хугацаандаа группийн удирдлагын багт ажиллаж байсан аж.
  • Мэдээлэл технологийн бизнес эрхэлж байсан туршлагатай.
  • 2007 онд эх орондоо ирж байсан бөгөөд
  • Америкт санхүүгийн шинжээчээр ажилладаг байсан.
  • Харвардын захирлуудын сургалтад хамрагдсан.

ЭРҮҮЛ МЭНД БОЛОН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улс урт хугацаандаа боловсрол, эрүүл мэндийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Учир нь хүн нэн тэргүүнд эрүүл байх хэрэгтэй. Мэдээж боловсрол маш чухал. Тиймээс одоогоор хүн эрүүл байхад тулгамдаж байгаа асуудал нь агаарын бохирдол. Үүнийг шийдвэрлэх ёстой. 

Ер нь манай улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ тэд ирэхгүй байгаа шалтгаан нь зөвхөн эдийн засгийн хямрал, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдлаас гадна агаарын бохирдол нөлөөлж байгаа юм. Мөн чадварлаг боловсон хүчнүүд нь гаднын улс оронд ажиллан ирэхгүй байгаатай холбон тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, эрүүл амьдрах орчин бүрдэхгүй байгаа нь хөгжилд саад болж байна гэж үздэг. Нөгөөтээгүүр боловсролын системийг сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Манай улсын хувьд суурь болон дээд боловсрол олгохдоо ч төдийлөн хангалттай биш. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байж чадахгүй байгаа юм шүү дээ. Гэхдээ бүрэн дунд боловсрол олгодог хувийн хэвшлийн сургуулиудын чанар харьцангуй сайн байна.

Харин эдгээр сургуульд суралцах хүүхдүүдийн тоо хязгаартай. Нэг талаас сургуулийн багтаамж нөлөөлж байгаа. Нөгөө талаас төлбөрийн чадамжаас хамаарч байна. Үнэн хэрэгтээ боловсролын системийг өөрчлөх шалтгаан бий. Одоогоор энэ салбарт математик, шинжлэх ухааныг голчлон зааж, уламжлалт аргаар сургалтаа явуулдаг. Гэтэл орчин цагт амьдрах ухаан, ур чадвар, хүмүүс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа зэргийг гол зорилгоо болгон зааж байна. Мөн түүнчлэн технологитой харьцах ухааныг заадаг. Ингэснээр компьютер болон бусад дэвшилтэт техникийг сайн эзэмшихээс гадна шинэ технологийг төгс эзэмших, зүй зохистой хэрэглээний аргыг зааж байна.

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ӨРСӨЛДӨХҮЙЦ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЁСТОЙ

Боловсролд илүү анхаарлаа хандуулсан улс хөгжсөн жишээ олон бий. Тухайлбал Япон улс энэ салбартаа сайн анхаардаг учраас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг бэлтгэж байна. Ер нь боловсролыг гурван үе шатад хувааж болно. Нэгдүгээрт, суурь мэдлэг, чадвар. Хоёрдугаарт, ур чадвар буюу сонирхлоо олж танин мэдэхүйн чиглэлээр суралцах. Гуравдугаарт, өөрийн сонирхлыг хөгжүүлснээр амжилтад хүрч байна.

Бүрэн дунд боловсрол эзэмших тэр хугацаанд хүүхдийн сонирхлыг зөв таниулж, суурь боловсролыг нь эзэмшүүлснээр амжилтад хүрдгийн тод жишээ юм.

Манай улсад жил бүр 35-40 мянган оюутан төгсөж байгаа. Тэд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц сайн боловсон хүчин болж бэлтгэгддэг бол богино хугацаанд Монгол Улс хөгжих боломжтой. Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ нь урт хугацаанд тогтвортой хөгжих нэг гарц гэж болно.

ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИЖ ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ НЬ ЧУХАЛ

Дунд хугацаанд хэрхэн хөгжих вэ гэдэг асуудал бас бий. Ер нь хувийн хэвшил нийт ажлын байрны 80 хувийг, татварын 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр хувийн хэвшлээ дэмжин эдийн засгаа тэлэх бодлого баримтлах нь зүйтэй. Гэтэл татвар төлөгчдийн нуруунд илүү ачаа үүрүүлэх бодлогыг төрөөс барьж болохгүй гэж боддог. Учир нь хувийн хэвшлийнхний дунд зах зээлийн тэгш бус байдал гардаг. Үүнийг хүн бүр ярьдаг шүү дээ. Түүнчлэн хэдхэн жилийн хугацаатай Татварын өршөөлийн хууль гаргаж байгаа зэрэг нь дарамт болдог юм. Мөн татварын хуулийн хэрэгжилт нь хувийн хэвшлийг боомилох хандлагатай байдаг. Яагаад гэвэл, ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд татварын байгууллагын талд шийдэгдэх нь элбэг. Манай улсыг гаднынхантай харьцуулахад бага татвартай орон мэтээр хэлдэг. Гэвч зах зээлийн багтаамжаа бодвол тийм ч таатай биш шүү дээ. Үүнээс гадна хэрэгжилт нь тэгш бус байдлаар явж байгаа нь зохицуулалт шаардлагатай гэдгийг илтгэж байгаа юм.

Хэдийгээр бид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, түүнийгээ дэмжих хэрэгтэй гэдэг ч манайд үйлдвэрлэх боломжгүй зарим бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагатай. Гэтэл энэ нь багадаа 20 хувийн татвар төлдөг. Тэгэхээр 10 ам.доллараар авах боломжтой байсан барааг 12-оор авах нь өртөг өсөж буй нэг хэлбэр. Тэгэхээр бид дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд үнийн хувьд бусад улс оронтой өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Энэ мэтчилэн хоёр нүүдлийн цаадахыг харсан шийдвэр гаргах ёстой. Мэдээж эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газар зардлаа танах зайлшгүй шаардлагатай.

АЛСЫН ХАРААТАЙ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн томоохон бизнес манай улсад цөөнгүй бий. Менежментийн зарчим хувийн хэвшилд илүү сайнаар хэрэгждэг. Яагаад гэвэл, зах зээлийн зарчмаар бизнес эрхлэхийн тулд сайн менежмент боловсруулан ажилласнаар оршин тогтоно. Магадгүй жижиг, дунд бизнесийнхний хувьд үр өгөөжтэй, илүү өндөр төвшинд ажиллахад суралцах зүйл бий. Нийт ажиллагсдын 80 хувь нь хувийн хэвшилд ажилладаг, улсын эдийн засгийн 70-80 хувийг тэд бүрдүүлж байгаагаас харвал өсөж, дэвжээгүй гэж хэлэх боломжгүй. Харин цаашид дэлхийд өрсөлдөх чадвартай болохын тулд юу хийх вэ гэдгийг ярих ёстой.

Эдийн засгийг солонгоруулах нь зүйтэй. Компаниуд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Маш олон гарааны бизнесүүд дотоодоос гадна гадаад зах зээл рүүгээ харж ажиллаж байна. Тэгэхээр хувийн хэвшлийнхний хувьд ямар нэгэн дэмжлэгээс илүүтэй саад болохгүй байхыг хүсдэг. Түүнчлэн бизнес эрхлэх орчныг тогтвортой байлгахыг хүсдэг шүү дээ. Жишээлбэл, хэн нэгэн гаднын хөрөнгө оруулагч урт хугацаандаа хамтран ажиллах тухай төлөвлөх боломжгүй гэдгээ хэлж байсан. Энэ нь өнөөх л бидний улиг болтол ярьж байгаа гаднын хөрөнгө оруулагчдыг бууруулахад томоохон хувь нэмрээ үзүүлж байгаа зүйл шүү дээ.

Өөрөөр хэлбэл, бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ, ашгаа ямар хугацаанд олох вэ гэдэг төлөвлөгөө гаргахаас илүүтэй одоогийн хууль эрх зүйн байдал нь өөрчлөгдөх болов уу гэсэн болгоомжлолоор ажлаа явуулах болдог. Тэгэхээр хууль эрх зүй, татварын орчин тогтвортой байх тусмаа баялаг бүтээхэд анхаарлаа хандуулж ажиллах боломжийг бүрдүүлдэг. Ер нь төр хувийн хэвшлийг бодлогоор дэмжихдээ алсыг харсан, эдийн засагт томоохон үр өгөөжтэй гаднын хөрөнгө оруулалтыг татах, чадвартай боловсон хүчнийг ажиллах сонирхлыг нь төрүүлэхүйц хэмжээнд ажиллах нь зүйтэй болов уу. Манай улсын хувьд асар их хэмжээний боломж бий. Харин түүнийг аль зүгт залах вэ гэдгээс улсын хөгжил хамаарна.

ХАРИЛЦААНЫ БОЛОН ТӨРИЙН ЁС ЗҮЙГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ           

Аливаа зүйлийг хийхэд ёс зүйн асуудал урган гардаг. Ер нь хүмүүс хоорондын харилцаанаас эхлээд бизнес, улс төр гэх мэтчилэн салбар бүрд ёс зүйг эрхэмлэх нь чухал. Зарим тохиолдолд ёс зүйгүй үйлдлээс улбаатайгаар томоохон хохирол учрах нь бий. Тухайн үедээ асуудлыг ёс зүйгүй аргаар шийдвэрлээд өнгөрч байгаа мэт боловч эцэст нь ихээхэн хор уршиг учруулдаг. Жишээлбэл, томоохон бизнес эрхлэгчдийн хувьд ёс зүйгүй байснаараа өөрийнхөө хийж байгаа ажлыг тодорхой хугацааны дараа боомилж унагах хэмжээнд хүргэж болно.

Хувийн хэвшил гаднаас хөрөнгө оруулалт татахдаа тухайн байгууллага нь эргүүлэн төлөх хариуцлага хүлээдэг. Харин төрийн зүгээс ард түмний нэрийн өмнөөс хөрөнгө босгосон хэр нь үр өгөөж багатай зүйлд зарцуулах нь нэлээд хор уршигтай гэдгийг бид сүүлийн жилүүдэд харж байна. Ер нь улсын хөгжлийг ямар төвшинд байлгах вэ гэдэг нь эцсийн дүндээ төрийн явуулж байгаа бодлогын үр дүн юм. Тиймээс ёс зүйтэй, алсыг харсан, хууль эрх зүйн болон хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхэд төр бодлогын хэмжээнд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн дөрвөн жилийн мөчлөгтэй, залгамж халаагүй байдлыг арилгах нь зүйтэй. Учир нь энэ байдал нь даамжирсаар улсыг хөгжлийг боомилох нэг шалтгаан болж байна.

Зураг