Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Францын армид алба хааж байсан Монгол цэрэг амь үрэгджээ

Монголын мэдээ
2017 оны 5 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Францын-армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 19-ний өдөр амиа алдсан тухай AFP агентлаг мэдээлжээ. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж байжээ.

Тэд Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11.00 цагийн үед сураггүй болсон тухай Зэвсэгт хүний Олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Тухайн үед Марна голын орчимд Гадаад легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж явжээ.

Цэргийн ангиас 10:53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай ирсэн байна. Тус улсын прокурорын байгууллагаас амиа алдсан цэргүүдийг голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс осолдсон гэж мэдээлжээ. Хамт бэлтгэл хийж явсан цэргүүд хамтрагчдынхаа амийг аврахаар ус руу орж, тэднийг гаргаж ирсэн ч удалгүй амьсгал хураасан аж.

Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Францын Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард “Цэргүүд амиа алдсан энэхүү хэргийг мөрдөн шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Улмаар даваа гарагт талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийхээр болсон аж. Талийгаач Монгол Улсын иргэн О.Бат-Аргамж нь Францын армид алба хаагаад гурван жил болоод байжээ. Тэрбээр эхнэртэй, хоёр хүүхдийн эцэг бөгөөд том хүү нь долоон настай, бага хүүхэд нь хоёр сартай юм байна.

Дэлхийн хамгийн хатуу чанга бэлтгэлтэй, тусгай хүчний арми гэгддэг Францын легионд орох хүнд шалгуурыг тэр бүр давж, тэнцэх хүн ховор. Монгол цэргүүд 10 жилийн өмнөөс тус армид алба хаах болсон ба ур чадвар, тэсвэр хатуужлаараа шалгарсан 50 гаруй монгол залуу алба хааж байгаа юм байна.

Зураг