Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад АНУ-ын 18-20 тагнуулыг илрүүлсэн гэв

Монголын мэдээ
2017 оны 5 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

АНУ-ын “Нью Йорк Таймс” сонин БНХАУ-ын эрх баригчид 2010 оны сүүлчээс хойших хоёр жилийн хугацаанд АНУ-ын Тагнуулын төв газарт нууц мэдээлэл дамжуулж байсан Засгийн газрын 18-20 хүнийг илрүүлэн хорьж, амийг нь бүрэлгэсэн тухай мэдээлжээ. Үүний улмаас АНУ-ын ТТГ олон жилийн турш Хятадад тагнуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэнэ.

“Нью Йорк Таймс” сонин энэ тухай мэдээллийг Тагнуулын төв газарт ажиллаж байсан нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн дамжуулсан бөгөөд наад зах нь 12 хүн амиа алдсан байна. Олон жилийн туршид бий болгосон Америкийн тагнуулын сүлжээг Бээжин устгаж чадсан бөгөөд ТТГ-тай хамтран ажиллаж байсан нэг мэдээлэгчийг бусдад нь сануулга болгох үүднээс Засгийн газрын барилгын хашаанд хамтран ажиллагчдынх нь нүдэн дээр буудан хөнөөсөн удаатай аж.

Америкийн одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан тагнуулын ажилтнууд энэ үйл явдлыг хэдэн арван жилийн хугацаанд Америкийн тагнуулын салбарт гарч байгаагүй томоохон бүтэлгүйтлийн нэг гэж үзэж байгааг уг нийтлэлд дурджээ. Мөрдөгчид одоогийн байдлаар энэ хэрэг явдлын шалтгааныг нь олж тогтоож чадаагүй бөгөөд нэг хэсэг нь ТТГ-ын нууц ажилтан АНУ-аас урвасан гэж үздэг бол нөгөө хэсэг нь Хятадууд АНУ хилийн чанад дахь мэдээлэгчтэйгээ холбоо барьдаг холбооны нууц системд нэвтрэн орсон гэж таамагладаг байна.

Тэгвэл Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчид тус сонинд гарсан нийтлэлийн талаар одоогоор тайлбар өгөөгүй байгаа юм. 2015 онд үл мэдэх хакерууд кибер халдлага хийн, АНУ-ын хэдэн сая төрийн албан хаагчийн мэдээлэлд нэвтэрч байсан гэдэг. Тэр үед Америкийн Засгийн газрын боловсон хүчний удирдах газрын төлөөлөгч хакерууд 25 сая гаруй хүний, тэдний дотор төрийн албанд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүсийн мэдээллийг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.

Зураг