Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын футзалын баг Хятадын багийг хожиж шигшээ тоглолтод шалгарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос (AFC) зохион байгуулж байгаа AFC U-20 Futsal Championship буюу Азийн залуучуудын футзалын аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод үргэлжилж байна.

Уг тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ баг өнөөдрийн тоглолтонд заавал ялж, мөн доод тал нь гурван оноо авч байж хэсгээсээ шалгарах хүнд болзолтой байсан юм. Үгүй бол Арабын Нэгдсэн Эмиратийн баг хэсгээсээ гарч, Монголчууд нутаг буцах байв.

Тэгвэл манай залуус энэ даалгавраа биелүүлж, өнөөдөр өрсөлдсөн БНХАУ-ын шигшээ багийг 3:1-ийн харьцаатай хожсоноор D хэсгээс хоёрдугаар байраар гарч шигшээ тоглолтод оролцохоор болжээ.

Тоглолтын эхний хагаст О.Есүхэй (5 дахь минут), багийн ахлагч А.Тэмүүжин (6 дахь минут) нар гоол хийсэн бол хоёрдугаар хагаст, 34 дэх минутад Б.Баттулга гурав дахь гоолыг хийсэн байна. Хятадын шигшээ тоглолт эхэлмэгц буюу 2 дахь минутад цорын ганц нэг гоолоо хийжээ.

Ийнхүү манай баг шилдэг 8-д шалгарч тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо.

D хэсгээс Иранчууд нэгдүгээр байраар гарч байгаа юм.

D хэсгийн аварга Ираны шигшээ хэсгийн бүх 4 өрсөлдөгчөө ялснаас Монголын багийг 6:0-ээр хожоод байв. Харин дэд байрын төлөө өрсөлдсөн Монголын баг 2 ялалт, 1 тэнцээ, 1 ялагдалтай, нийт 7 оноогоор АНЭУ-ын урд орсон юм. АНЭУ 2 хожил, 2 хожигдол, тэнцээгүйгээр 6 оноотой болоод байжээ.

Монголын шигшээ өмнө нь АНЭУ-ын багийг 3:5-аар хожиж, Киргизийн багтай 2:2-оор тэнцсэн юм.

Шигшээ тоглолтод Монголчууд Узбекистан, Ливаны аль нэгтэй Даваа гарагт тоглохоор болж байна.

Уг тэмцээнд Азийн 21 орны баг дөрвөн хэсэгт өрсөлдөж байгаа ажээ.

 

Эх сурвалж: The-AFC.com