Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: Шууд газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох шаардлагатай

ikon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгээс  хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөр, төслийн талаар Асуулга тавьсны дагуу  мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Шууд газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох шаардлагатай байна

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар хар тамхитай холбоотой зохицуулалт тусгагдсан байсныг шинэ баталсан хуульд нилээн нарийн тусгаж, зохицуулагдаагүй асуудлыг оруулж өгсөн.

Энэ Засгийн газар 2017 оны 3 сард хар тамхи мансууруулах боистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

ХМХ-ээр хар тамхи хэрэглэхийг өдөөх зүйлийг мэр сэр гаргаж байгаа.

Бид үүнд анхаарал хандуулж иргэд, ТББ, ХМХ хамтран тэмцэж ажиллах хэрэгтэй.

Техник технологийн хувьд материаллаг баазыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг атлаа ямар ч архины үнэртэхгүй хар тамхи хэрэглэсэн хүнийг газар дээр нь хар тамхи хэрэглэсэн гэж болохгүй байна. Заавал цус, шээсний шинжилгээ авч байж л нотолж байна. 

Уг нь биеэс нь арчидас аваад шууд газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Өнгөрсөн хугацаанд ОХУ, БНХАУ-ыг хилээр хар тамхи оруулж ирж байгаа сувгуудыг хаах асуудалд анхаарч ажиллаж эхэллээ.

Ялангуяа Дархан, Сэлэнгэд ургаж байгаа зэрлэг өвс гэдэг ургамлыг устгаж байсан. Устгах тусам ургалт нь буурдаг юм билээ. 

Өнгөрсөн 3 жилд 500 мянган га-д устгал хийхэд 100 гаруй га болж буурсан гэсэн тоо байна. 

Ялтан шилжүүлэх гэрээг ОХУ, БНХАУ-тай байгуулах явцад хар тамхины хэргээр хоригдож байгаа өөрийн улсын иргэдээ шилжүүлэн авах асуудлаар ярихад манай улсын хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял хөнгөн тул шилжүүлэх боломжгүй гэж байсан. 

Сая батлагдсан Эрүүгийн хуульд энэ төрлийн хэрэгт оноох ялыг чангатгасан байгаа. 

Иймээс цаашид гадаадад энэ төрлийн хэргээр хоригдож байгаа иргэдийг ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх боломж ихэсч байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал "Соёлын тухай хуульд гэмт хэрэг бөгөөд түүнтэй адилтгах үйлдлийг хэвлэл мэдээллээр гаргахыг хориглож өгнө үү. Эс тэгвээс ХМХ-эээр хар тамхи татаж байгаа залуучуудын зураг дүрс киног маш их гаргаж байна.

Хар тамхийг хэрэглэсэн эсэхийг шээс, цуснаас авч мэдэж байгаа

 

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр "Бид хар тамхийг хэрэглэсэн эсэхийг шээс, цуснаас авч мэдэж байгаа.

Өнөөгийн түвшинд биеийн хөлснөөс ч юм уу газар дээр нь хар тамхи хэрэглэсэн эсэхийг мэдэхэд тоног төхөөрөмжийн асуудал хүндрэлтэй байна.

Сүүлийн үед SBN телевиз энэ талаарх мэдээллийг ил тод гаргаж бид очиж уулзсан.

Хар тамхи хэрэглэж, зөөвөрлөж, худалдаж байгаа хүмүүсийг хамт хэрэглэдэг хүмүүсээс нь авсан мэдээллээр олж тогтоож байгаа.

Хөрш орнуудын хувьд үндсэн хэрэглэгчтэй болчихсон.

Тухайлбал ОХУ-д өнгөрсөн жил 100 тонн, харин манай улсад 10 кг гаруй хар тамхи хураагдсан.

Иймээс хилийн бүс дээр тоног төхөөрөжийг сайжруулан хилээр хар тамхи оруулахгүй байхад түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй байна" гэв.

Хар тамхитай тэмцэх мэргэжлийн баг бэлтгэх хэрэгтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Хар тамхитай тэмцэх мэргэжлийн багийг бэлтгэх хэрэгтэй байна. Шаардлагатай гэвэл тоног төхөөрөмж дээр төсөв гаргаж өгөх хэрэгтэй" гэлээ. 

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн "Хар тамхи илрүүлэхэд тусгайлан бэлтгэгдсэн үнэрч нохой хамгийн өндөр үр дүнтэй гэдэг нь нотлогдсон.

Манай байгууллагад нохой бэлтгэж байгаа ч ихэнх нь эрлийн чиглэлээр бэлтгэгдсэн.

Иймээс хар тамхины чиглэлээр бэлтгэх нохойн сургуульд тодорхой төсөв шийдэж өгөхийг эрхэм гишүүдээс хүсч байна" гэв.

Хар тамхитай холбоотой хэрэгт насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин өсчээ

Энэ төрлийн 2006-2016 онд үйлдэгдсэн гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд  хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нийт гэмт хэргийн 0,2 хувийг, үүнээс  82,1 хувь нь Улаанбаатар хотод, 17,9 хувь нь хөдөө орон нутагт,  жилд дунджаар 32, сард 2,7 гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой  гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан байна.  

 Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгэгдэн ял эдэлж буй 66 ялтан /эрэгтэй- 57, эмэгтэй -9/, цагдан хоригдон шалгагдаж буй 22 / эрэгтэй-13, эмэгтэй -9/ сэжигтэн байна.

Сүүлийн 3 жилийн байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл, 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6  хувиар тус тус өсчээ.

Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсан олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр зохион байгуулалттай үйлдэж байна.

 Монгол Улсын иргэд гадаад оронд зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон 2006 оноос эхлэн шалгагдах болсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 117 хүн шалгагдсан байна.

Үүнээс хууль бусаар тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан гэх зүйл ангиар 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн.

Эрүү болон Зөрчлийн хуульд хар тамхи мансууруулах бодситой холбоотой нэмэлт өөрчлөлт оруулсан

2017 оны эхний 1 дүгээр улирлын  байдлаар 10 хэрэгт  12 иргэн холбогдон шалгагдаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хар тамхитай холбоотой гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, төрөөс гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бодлогын баримт бичгийг баталж, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлнэ гэж заасан.

Үүний дагуу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Хөтөлбөрийн гол зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналтад тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй  үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг төрийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжүүлэх явдал юм.

Мөн дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчныг сайжруулах, үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүү болон Зөрчлийн хуулийн холбогдох зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий  газарт Хар тамхитай тэмцэх газрыг 2 хэлтэс, 33 алба хаагчын бүрэлдэхүүнтэй өргөжүүлэн байгуулсан бөгөөд  алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ЦЕГ-ын сургалт, дадлагын төвд сургалт зохион байгуулах,  гадаад улс орноос мэргэжилтэн урьж алба хаагчдыг мэргэшүүлэх,  мөн Тайландын Вант Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжян Уйгур, Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Филиппин, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон зэрэг улс оронд алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах ажлыг тус тус зохион байгуулж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх,  түүнээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах,  эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх, хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс гарах үр дагавар, хор уршгийн талаарх ерөнхий мэдлэгийг өсвөр үе, хүүхэд залуучуудад тогтмол олгох, сэтгэл зүйн дархлаа суулгах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар  доорх  ажлыг төлөвлөн зохион байгуулж байна.

  • Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр шатныг төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын найрлага, шинж чанарыг тодорхойлох шинжилгээ хийх орчин үеийн багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангах, шинжээч, мэргэжилтний чадавхийг сайжруулах,
  •  Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулах,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг оновчтой болгох,
  •  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг зохион байгуулах, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тус тус онцгой анхаарч ажиллаж байна гэсэн юм.

 

 

Эх сурвалж: ХЗДХЯ