Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний бичгээр хаягжуулах ажилд Завхан аймаг тэргүүлж, Улаанбаатар сүүл мушгиж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

"Байгууллагынхаа хаягийг үндэсний бичгээр хослуулан бичнэ үү, хэрэв бичиж чадахгүй байгаа бол бид үнэгүй бичээд өгье" гэдэг саналыг албан байгууллагуудад тавьж байна.

Одоогийн байдлаар төрийн байгууллагуудын дийлэнх олонхи нь үндэсний бичгээр хаягаа шинэчлэн хадсан, байгууллагуудын доторх хаягууд ч мөн адил кирил болон үндэсний бичгээр зэрэгцүүлэн бичсэн тэмдэглэгээтэй боллоо. 

Энэ нь хаягжилтийн тухай хууль болон монгол хэлний хууль амжилттай хэрэгжиж эхэлж буйн жишээ" гэж Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл ярьж байлаа. 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс албан байгууллагуудад долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд байгууллагынхаа хаяг болон доторх өрөөний хаяг, тэмдэглэгээг монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн байх санал хүргүүлж байгаа юм байна.
"Гол нь улсын хэмжээнд маш олон хаяг, тэмдэглэгээ байдаг учраас маргааш гэхэд л бүгд “монгол бичгээр” хаягтай болно гэж байхгүй. Тухайн байгууллага хаягаа монгол бичгээр бичих мэдлэг дутмаг, төсөв мөнгөний хүрэлцээгүй зэрэг янз янзын шалтгаанаас болоод хугацаа орох ажил. 

Зөвлөл хаягийг хадаж байршуулдаг эрх бүхий байгууллага нь биш, дүгнэлт гаргадаг байгууллага учраас хаягийг хурдан хугацаанд солиход бэрхшээлтэй байна. Ямартай ч судалгааг нь хийгээд дүгнэлт гарган хаяг хариуцдаг байгууллагад нь хүргүүлж байгаа" гэж Н.Нарангэрэл тайлбарлаж байсан юм.

Бүх нийтээр кирил болон үндэсний бичгээрх хаягжилт, тэмдэглэгээтэй болох ажил улсын хэмжээнд ямар түвшинд явж байгааг авч үзье.

График 1. Улсын хэмжээн дэх хаягжилтийн байдал

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас гаргасан судалгаанаас үзэхэд Завхан аймагт 80 хувьтай тэргүүлж байгаа бол Улаанбаатар хотод дөнгөж 20 хувьтай байна.

Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 333 сум, дүүрэг, яамд тус бүрт Хэлний бодлогын үндэсний салбар зөвлөлүүд ажилладаг бөгөөд одоогийн байдлаар хаягжилт улсын хэмжээнд 40 гаруй хувьтай явж байгааг График 1-ээс харж болно. 

"Баянхонгор аймгийн Галуут сумынхан бүх хашааныхаа хаягийг үндэсний бичгээр бичсэн"
 

Баянхонгор аймгийн Галуут сумынхан бүх хашааныхаа хаягыг үндэсний бичгээр бичжээ.

Монгол бичгийн хэрэглээ өнөөдрийн хувьд бага байгаа ч магадгүй хүүхэд залууст энэ мэт ойр байх нь ирээдүйд хос бичигтэй улс орон болоход хөдлөшгүй томоохон суурь болох болов уу.

Орон нутаг дахь жишиг хаягууд

Хуулийн заалт

Монгол хэлний тухай хууль, 4 дүгээр бүлгийн 17.1.2.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулна.

Харин Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замын өмнө, хойд талд байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжийн хаягжилтад 2009, 2011, 2012, 2016 оны арваннэгдүгээр сард тус тус судалгаа хийж байжээ.

Нийт 300 гаруй хаяг, тэмдэглэгээ, самбарыг бүртгэн авсан бөгөөд энэ нь улсын хэмжээтэй харьцуулахад цөөн ч үүгээр нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягжилтийн байдлыг тодорхойлж болох юм.

График 2. 2009, 2011, 2012, 2016 онд хийсэн хаягийн судалгаа

График 2-оос үзэхэд 2009, 2011 онд хаягаа дан монгол эсвэл гадаад хэлээр бичих нь их байсан бол 2012, 2016 оноос дан монгол хэл ялангуяа хос хэлээр бичих нь эрс хэмэгджээ.

Энэ нь аж ахуйн нэгж, албан байгууллага Хаягжуулалтын тухай хууль, Монгол хэлний тухай хууль, журмыг дагаж мөрдөж байгаагийн илрэл болж байна гэж судалгаа хийж, дүгнэлт гаргасан албаныхан тайлбарласан байна.

График 3. Хаягийн судалгааны нарийвчилсан үзүүлэлт

Дээрх бүртгэн авсан 300 хаягт нарийвчлан судалгаа хийж үзэхэд Үсгийн дүрмийн алдаатай 14 хаяг байсан бол монгол бичгээр бичсэн ердөө 12 бүртгэгджээ. Үүнийг График 3-аас харна уу.

Хаяг, тэмдэглэгээний алдаа мадагтай байгууллагуудад албан бичиг хүргүүлж, засаж залруулсан байна.

Судалгаа хийсэн: Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын алба

Нийслэл дэх жишиг хаягтай албан байгууллагууд